Говь-Алтай аймгийн өмнөд хил дээрх Наран Сэвстэй боомтыг нээх асуудлыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар идэвхтэй хөөцөлдөж байна. Түүний яриад байгаа үндэслэлүүд яагаад худал, бүтэшгүй болохыг тайлбарлая. Наран Сэвстэйн боомтыг нээхийн цаана Талын Мэлтэсийн алтны үндсэн ордыг ухах улстөр-эдийн засгийн бүлэглэлийн явцуу сонирхол байгаа гэдгийг бас хэлье.
1. Наран сэвстэйн боомт дэлхийд гаргах гарц болж яадах уу?
Чадахгүй. Яагаад? Наран Сэвстэйн цаад талын хятад боомтыг Мазуншань гэдэг. Ганьсу мужийн нутаг. Энэ боомтод хамгийн ойрхон суурин гэвэл 1200 хүрэхгүй хүнтэй Мазуншань гэдэг хамгийн алслагдсан хилийн бөглүү тосгон. Тосгоны ойр орчимд ямар нэгэн жинтэйхэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр ложистикийн томоохон байгууламж байхгүй. Нэр нэгтэй боомт, тосгон хоёрын хоорондын зай 115 км. Замд нь ямар ч суурин үгүй. Тосгоны орчимд Хами-Эзнэй хошуу чиглэлийн галт тэрэгний жижигхэн зөрлөг л бий.
Мазуншань боомтоос хамгийн ойрхон байгаа хот болох Үймэн (Yumen) хүрье гэвэл 320 км зам туулна. Ганьсу мужийн засаг захиргааны төв Ланжоу (Lanzhou) орно гэвэл 1049 км давхих хэрэг гарна.
Бодит байдал ийм байтал “Бидний зүгээс баруун бүсээр Ази Европыг холбосон дөт зам бий болгох, иргэдийг хямд чанартай импортын бараагаар хангах зорилгоор Наран Сэвстэй боомтыг нээх хүсэлтээ гаргаад байгаа.
Наран Сэвстэй боомт бол та бүхний олборлосон эрдсийг гадаад зах зээлд гаргах хамгийн дөт зам болох юм” гэж Говь-Алтай аймагт ашигт малтмалын лицензтэй уул уурхайн бизнес эрхлэгчидтэй энэ оны эхэнд уулзахдаа ярьсан Засаг даргыг яалтай билээ?
Бас Наран Сэвстэйг нээчихвэл л баруун аймгууд хөгжинө гэж сэтгүүлчдэд хэнэг ч үгүй ярилцлага өгч зогсох. Шийдвэр гаргагчдад арай ийм юм ярьж хөгөө тариагүй байгаа гэж найдъя.
Хятад улсын хамгийн бөглүү, зэлүүд, хөгжил хөдөлгөөнөөс хол цэгээр дамжин дэлхий рүү гарах, зөвхөн өөрийн аймгаа биш, Монголын баруун аймгуудыг хамтад нь хөгжүүлэх “суут” ухаан Монголын улстөрчөөс л гарах бололтой.
Бүхэл бүтэн аймгийн Засаг дарга хүн учраас би О.Амгаланбаатарыг улстөрч хүн л гэж харж, ойлгож байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог учраас бусад улстөрчид маань ч гэсэн болгооно биз ээ. Аливаа ажлыг хийхийн тулд эхлээд мэдээ мэдээлэл цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийж, тооцоо судалгаатайгаар хөдлөх ёстойг аймгийн Засаг даргаар хоёронтоо ажиллаж байгаа хүн эрхбиш мэдэх байгаа.
2. Мазуншань боомт хятадын хөгжлийн бодлогод тэргүүлэх үүрэгтэй юу?
Үгүй. Хятадын үндэсний стратегийн зорилтыг тодорхойлсон “БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх XIV таван жилийн төлөвлөгөө, 2035 он хүртэлх хэтийн зорилго”-д хэрхэн туссанаас энэ нь тодорхой байна. БНХАУ өчигдөр бодсоноо өнөөдөр өөрчилдөг солигдмол үүл шиг бодлоготой улс биш.
Бодсон төлөвлөснөөрөө л бүхнийг хийнэ. Гансу муж дэд бүтцийн хувьд шинэ таван жилийн болон дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх “2 коридор – 6 хүрд – 10 зам” хөтөлбөр биелүүлэх зорилт тавьсан. Энэ нь баруун зүүн, умард өрнөдийг холбосон хоёр коридор, 6 бүлэг хотуудыг холбосон хүрдэн сүлжээ, 10 хотын дэд бүтцийг холбосон холболт хийнэ гэсэн үг.
Энэ бүхнийг хийж дуусгаад хамгийн сүүлд нь Мазуншань боомтыг Үймэн хоттой холбох төлөвлөгөөтэй. Тэгэхээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн хувьд хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн боомтоор дамжин Монгол Улс дэлхийд гарцтай болох юм биз дээ. Ингэж сэтгэж чадаж байгаа “суу ухаан”-ыг биширтүгэй. Энэхүү “суу ухаан”-ыг дэмжсэн хүмүүс түүхэнд “мөнхрөх” нь лавтай.
3. Наран сэвстэйн боомтыг нээхийг олон улс хараад суух уу?
Үгүй. Яагаад? Яагаад гэвэл Говийн их дархан цаазат газрын асуудал хөндөгдөнө. Энэ бүс нутаг байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн цорын ганц нутаг, цөлийн ховор амьтдын сүүлчийн оромж гэдэг утгаараа дэлхийд данстай, ЮНЕСКО-гийн Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсан нутаг. Өөрөөр хэлбэл олон улсын хамгаалалтад орсон нутаг. Монгол Улс нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын маш олон гэрээ конвенцийг зөрчинө, манай улсын хууль эрх зүйн маш олон акт, баримтууд зөрчигдөнө (Энэ бүхнийг жагсааж, тайлбарлана гэвэл ихээхэн нуршуу бичвэр болох тулд дараа тусад нь өгүүлнэ). Наад захын жишээ гэхэд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг зөрчсөн асуудал хөндөгдөнө. Байгаль хамгаалах чиглэлийн дотоод, гадаадын байгууллагууд, экологизмын үзэл санааг дэмжигч олон мянган хүмүүсийн эсэргүүцэлтэй тулна. Олон улсын байгууллагуудын өмнө Монгол Улсын нэр хүнд сэвтэнэ. Ийм эрсдэл рүү Засгийн газраа түлхэх гэж оролдох ч бас л бүдүүн зүрхтэй хүний хийх ажил шүү.
4.Хил дагуулж зам тавьснаар асуудал шийдэгдэх үү?
Үгүй. Энэ бол хамгийн аюултай шийдэл. О.Амгаланбаатар дарга сар орчмын өмнө төвийн сэтгүүлчдийг багаар нь авч явж хилийн шугам дагуу аялуулж, асуудлыг газар дээр нь тайлбарлахдаа Хятадын тал хилийн дагуу болон Алтай хот хүртэл хатуу хучилттай авто зам тавьж өгнө гэсэн, бид хилийн шугам дагуулаад 50 км-ийн өргөнтэй зурвас чөлөөлөөд 500 км зам тавьчих юм бол байгаль экологид хор хохиролгүйгээр асуудлыг шийдэж чадна гэж ярилцлага өгсөн. Мөнгийг нь гаргасан тал нөхцлөө тулгадаг нь бичигдээгүй хууль.
Ямар нөхцөл шаардлага тавигдахыг урьдчилж тооцсон уу? Ийм шийдлийн улмаас хохирч, хожиж байсан олон улсын практикийг хэр судалсан юм бол? Манайх мөнгийг нь гаргасан, танайх төлж чадахгүй байгаа юм чинь хамтраад эзэмшье гэвэл “Үгүй” гэж чадах уу? Өрөндөө үүнийг чинь л авчихъя гэж оноож заавал яах вэ?
5. Замд зориулж 50 км өргөн зурвас чөлөөлөх “суут санаа”
Наран Сэвстэйн боомтыг нээчихвэл хилийн зурвас дагуулан Баянхонгорын зүг, мөн Говь-Алтайн баруун боомтууд руу хатуу хучилттай зам тавина, үүний тулд 50 км зурвас чөлөөлнө гэнэ. Авто замын нэг эгнээний өргөн нь 4 метр гэж үзвэл 4 эгнээтэй зам 16 метрийн өргөнтэй болно. Бүр 20 метр ч өргөн байг.
Гэтэл түүнд зориулж 50 км өргөнтэй зурвас хилийн дагуу чөлөөлнө гэхээр гайхалтай санагдахгүй байна уу?
Хэргийн учир замд биш, харин Наран Сэвстэйгээс баруухантай, улсын хилээс дотогш хориодхон км зайд байгаа Талын Мэлтэсийг зурвас чөлөөлөх нэрийн дор тусгай хамгаалалтаас гаргаж авах “суут санаа” энд байна бус уу?
Талын Мэлтэсийн алтны үндсэн ордыг ашиглах гэсэн улстөр-эдийн засгийн бүлэглэлийн сонирхол лавтайяа 26 жил үргэлжилж байгаа. 26 дахь жилдээ үргэлжилж байгаа ашиг сонирхол гээд бодоод үз дээ!!!
1996 онд М.Энхсайханы Засгийн газар анх Талын Мэлтэсийн ордыг ухах гэж сонирхоод Засгийн газар нь урт наслаагүй. С.Баярын толгойлсон Хамтарсан Засгийн газар 2009 онд Талын Мэлтэсийг тусгай хамгаалалтаас гаргаад удалгүй тогтоолоо ч цуцалж, Засгийн газар нь ч дашийн шог болсон. Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 2013 онд Талын мэлтэсийг тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төсөл боловсруулсан ч удаан наслаагүй. Дараа нь Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газар
“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр” нэрийн дор Талын Мэлтэсийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх гээд чадаагүй. Засгийн газар нь бас удаагүй. 2021 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын байнгын хорооны хуралдаанд нэр бүхий 3 гишүүн БНХАУ руу гаргах ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тул Монголын өмнөд болон баруун хилийн гурван боомтыг нээе гэсэн санал гэнэтхэн оруулж ирээд Н.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шударга гишүүдэд ам руугаа алгадуулсан удаатай. Ковидын дараахи эдийн засгийг сэргээхтэй холбоотойгоор дархан цаазтай, тусгай хамгаалалттай нутаг дахь ордыг ашиглах эрхийг Засгийн газарт олгох тухай хуулийн төслийн сураг сонсогдоод бас чиг удлаа. Алтны амтанд орсон хэсэг бүлэг нөхөд гал болчихсон, тал нийлчихсэн Талын Мэлтэсийг ухаж аймаг орноо хөгжүүлье гэж хэрэгтэй гэсэн хүнийхээ чихэнд шивнэж, дэмжлэг горьдож яваа сонсогдоно.
Энэ ордыг ашиглах боллоо гэхэд ус байхгүй. Аймгийн төв рүү зөөж угаах уу? Завхан гол руу тээвэрлэх үү?
Хэдэн зуун км, дэндүү хол. Тог цахилгаан байхгүй. Дэд бүтэц байхгүй. Хилээс нааших замд зуун тоннын бүү хэл, зургаан тоннын машин ч пүрхийгээд орчихдог цэрдэн хөрс зөндөө. Хятадын талаас ус, тог авч олборлолт явуулах, тийш нь тээвэрлэхээс өөр ямар ч сонголтгүй. Тэгэхээр Наран Сэвстэйн боомтыг яаж ийгээд нээх сонирхол байлгүй яахав. Хамаг ажлаа орхиод зөвхөн энэ асуудлыг чичрэн хөөцөлдөхөөс яахав. Чичрэх гэснээс нээрээ XIX зууны дундуур дэлхийд нэг аюулт “өвчин” дэгдсэнийг Алтны халуун чичрэг (Gold Rush) гэж нэрлэсэн байдаг.
Энэ “өвчин” 1849 онд Калифорнид, 1851 онд Австралид, 1886 онд Өмнөд Африкт, 1898 онд Аляскт дэгдсэн. Тоймтой нь л эд болохоос дэлхийн хаа сайгүй үе үе дэгдэж, ихэнхдээ экологийн сүйрэл дагуулдаг гайтай эд. Товчхон тодорхойлбол, алтны илэрцтэй газар руу ухаан мэдрэлгүй чичрэн дайрдаг өвчин л дөө.
Монголыг энэ өвчин нэг хэсэгтээ балласан. Одоо ч зогсоогүй бололтой. XIX зууны гуч, дөчөөд оны үед Америкт дэгдсэн Georgia Gold Rush нутгийн уугуул иргэд болох индианчуудыг хөөж туух, эсэргүүцсэнийг нь алж хядах шалтаг шалтгаан болсон. “Талын Мэлтэсийн халуун чичрэг” харин Алтайн өвөр говийн минь сая сая жилийн настай ч түүх археолог, палеонтологийн судалгаа хараахан хийгдэж амжаагүй байгаа онгон дагшин байгаль, хөрс, ургамал, амьтан, үзэсгэлэнт баян бүрдүүдийг минь устгах шалтгаан болчих вий дээ хэмээн санаа зовж байна.
Гэхдээ төр түмэн нүдтэй гэдэг дээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймагт ажиллахдаа шинэ боомт нээснээс эрсдэлд орох байгаль, түүх соёл, газар нутаг, ус бэлчээр, ховор ургамал зэрэг юунаас ч эрхэм гэдгийг онцлоод Цагаан дэл уулын боомтыг барих Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлсэн. Наран Сэвстэйн асуудалд ч бас түүн шигээ хэрсүү ухаалаг хандаж, ташаа мэдээллийг таньж, холын шуналтнуудын хорон санааг хазаарлана гэж итгэж байна.
ЖИЧ: Мазуншаний түүх, Ганьсугийн удирдлагуудтай манай дарга нар хэзээ уулзаж юу ярилцаж байсан, улстөрчдөөс хэний оролцоо хамгийн их байгаа, Говь-Алтайд лицензтэй улстөрчдийн ил далд хэлхээ холбоо, харилцан хамаарал, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудын учир, хүлээсэн үүрэг хариуцлага, Алтайгаа амь мэт хайрлахын утга учир гээд бичих хөндөх сэдэв олон бий. Хэр чадлаараа олон түмэнд хүргэнэ гэдгээ амлая. Нутгийн хөгжилд саад болж хийрхсэн хуурамч эх оронч уу, уул Алтай, уудам говио сэтгэл зүрхнээсээ хайрладаг халуун сэтгэлтэн үү гэдгийг минь цааш цаашид өрнөх үйл явдлууд, цаг хугацаа ялгаж салгаж өгөх болно.
Урианхан Б.Галаарид