“Bootcamp to Work 2022” хөтөлбөрийг Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар болон “Эрксис Монголиа” ХХК-тай хамтран 2022 оны 8 дугаар сарын 31 хүртэл зохион байгуулна.
Уг хөтөлбөр нь мэдээлэл технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, залууст ур чадвар, мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг олгох юм байна. Харин хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залууст зориулсан сургалтыг 6 дугаар сарын 4, 5-нд Баянхошуу бизнес инкубатор сургалт хөгжлийн төвд зохион байгуулах юм.
Энэхүү сургалтаар оролцогчид “Эрксис” платформд суурилан Монголын шилдэг компаниудын үйл ажиллагааг автоматжуулах, тухайн бизнесийн онцлогт тохирсон дижитал шийдлүүдийг хөгжүүлэх замаар мэдлэг чадвараа дээшлүүлэх, шинийг сурах боломжтой. “Эрксис” нь цахиурын хөндийд технологи боловсруулалтаараа өрсөлдөж буй монгол инженерүүдийн бүтээсэн маркетинг, борлуулалт, хэрэглэгчтэй харилцах үйл ажиллагааг удирдах цогц платформ юм.
“Bootcamp to Work 2022” хөтөлбөрт оролцсоноор залуус технологийн салбарын чиг хандлагатай танилцан, дижитал шилжилтийн эрин үед хэрэгцээтэй байгаа мэргэжлийн ур чадвар, программ хөгжүүлэлтэд суралцах өргөн боломж нээгдэнэ.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 багийн 100 оролцогч 3 сарын турш “Эрксис” болон бусад дадлагажих байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хөгжүүлэлтийн шийдэл, багийн идэвх, оролцоогоор өрсөлдөнө гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.