Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд, залуус, инженер судлаачид болон олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой “КАНСАТ – 2022” үндэсний V тэмцээн цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдож, энэ Ням гарагт буюу 2022 оны 06 дугаар сарын 05-нд Налайхын нислэгийн талбайд зохион байгуулагдах гэж байна.
Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ Монгол, Монгол Коосен зэрэг найман их дээд сургуулийн 15 багийн 90 гаруй оюутан, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн сансрын бага оврын хиймэл дагуулыг хөөргөж, өрсөлдөх юм.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгуулагчаар Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бизнес инновац, хөгжлийн газар, ШУТИС, МУИС, ерөнхий ивээн тэтгэгчээр Монголсат нетворкс компани тус, тус ажиллаж байна.
Тэмцээнд зориулагдсан нийт 5 нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал,
- Нийтийн тээвэр № 1, 2, 3: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 08.00 цагт Төв шуудангийн арын талбайгаас хөдөлнө.
- Нийтийн тээвэр №4: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 09.30 цагт Хорооллын эцсийн буудлаас хөдөлж, хойд чиглэлийн автобусны буудал бүрт зогсож, үзэгчдийг Кансат тэмцээн болох талбайд хүргэж өгөх юм.
- Нийтийн тээвэр №5: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 09.30 цагт Саппорогийн буудлаас хөдөлж, төв зам дагуух автобусны буудал бүрт зогсож, үзэгчдийг Кансат тэмцээн болох талбайд хүргэх юм.
Сансрын технологийг сонирхогч хүүхэд, залуус та бүхнийг тус тэмцээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.