Улсынхаа нэрийг турк хэлний авиа зүйн дуудлагын хэм хэмжээнд нийцүүлэх зорилгоор Турк улс гадаад хэл дээрх бүх албан бичиг баримтуудад нэрээ өөрчлүүлэх хүсэлтийг НҮБ-д гаргажээ. Туркийн Сабах сонинд энэ тухай мэдээлснийг Тасс уламжиллаа.
Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик Туркийн энэ хүсэлтийг хүлээж авчээ. Түүнчлэн Туркийн гадаад яамны сайд Мевлут Чавушоглу өөрийн твиттер хуудсанд “Улс орныхоо үнэ цэнийг брэндийн хувьд улам өсгөх Ерөнхийлөгч Таип Эрдоаны эхлүүлсэн ажлыг бид гүйцээж байна. Энэ зорилгоор улсынхаа гадаад нэршлийг Тюркие болгон бүртгүүлэх хүсэлт бүхий захидлыг НҮБ-ын ЕНБД-ын Ажлын албанд илгээлээ” гэж бичсэн байна.
Энэ захидлыг НҮБ хүлээж авсан мөчөөс тус улсын шинэ нэршил хүчин төгөлдөр болно гэж Анадолу агентлаг мөн мэдээллээ. Энэ өөрчлөлтийн дүнд олон улсын уулзалт, хурал чуулганууд болон албан бичиг баримтууд дээр англиар “Тёрки” гэж гэж дуудагдаж ирсэн Турк улсын нэр “Тюркие” гэж дуудагдах ёстой болж байгаа юм байна.
Энэ шинэ нэршил нь турк хэлний уугуул дуудлагад яв цав дүйцүүлсэн алдаагүй нэршил аж. Турк улс дэлхийн зах зээл дээр өөрийн дүр төрхийг сайжруулж, улсаа брэндийн хувьд байж болох хамгийн дэлгэр танил, бас өвөрмөц онцлогтой болгох ажлыг олон жилийн өмнөөс хэрэгжүүлж байгаа.
Анкарагийн энэхүү пи-ар кампанит ажлыг албан түвшинд баталгаажуулах нэг алхам нь энэ удаагийн нэр өөрчлөх шийдэл байлаа гэж ажиглагч тоймчид дүгнэж байна.
Эх сурвалж: MNB