“Нээлттэй нийгэм форум”-аас өнөөдөр “Төсвийн нээлттэй байдал 2021” олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг танилцууллаа.
Олон Улсын төсвийн түншлэл байгууллагаас төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгааг хоёр жил тутамд нэг удаа хийдэг. Үүндээ 100 гаруй орныг хамруулдаг. Судалгааны хариуг тавдугаар сарын 31-ний өдөр дэлхий дахинаа танилцуулсан. Бид тус байгууллагын түншээр ажилладаг. Иймд судалгааны дүнг улс болон иргэддээ танилцуулсаар ирсэн.
Судалгааны хүрээнд төсвийн ил тод байдал, төсөвт иргэд оролцох боломжийг Засгийн газраас олгож байгаа эсэх, төрийн хяналтын институцүүд Төрийн аудитын газрын хяналт хэр байгааг үнэлдэг. Энэ удаагийн үнэлгээгээр Монгол Улс төсвийн ил тод байдлаар 60 оноо, олон нийтийн оролцоо 13 оноо, төсвийн хяналтын түвшнээр 76 оноог авлаа. Үүнээс Монгол Улс төсвийн ил тод байдал өмнөх оноос харьцангуй дээшилсэн байна. Гэхдээ иргэдийг оролцооны байдал хангалгүй байгаа юм.
Төсвийн нээлттэй байдлын өмнөх судалгаагаар 56 оноо, түүнээс өмнө 46 оноо тус тус авч байсан. Жилээс жилд сайжирсан байна. Үүний өсөлтөд жилийн эцсийн тайлангийн иж бүрэн байдлыг сайжруулж, үр дүнгийн шалгуур үзүүлэлтдээ тусгасан нь голлон нөлөөлөө.
Төсвийн ил тод байдлаар тэргүүлэгч Шинэ Зеланд улс 85 оноо, Австрали 79, Өмнөд Солонгос 74, ОХУ 73, БНХАУ 20 оноо тус тус авсан. Төсвийн ил тод байдлын судалгаанд орсон 120 улсаас манай улс 38 дугаарт эрэмбэлэгдэж байгаа талаар нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам танилцууллаа.