Автомашины “азын” дугааруудыг ЗТХЯ-ны мэргэжилтэн зарж мөнгө угааж байсан хэрэгт холбогдсон талаар сэтгүүлч Г.Равжаа өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Тэрбээр “Автомашины “азын” гэх дугаарыг албан тушаалтнууд зарж, мөнгийг нь өөрсдөдөө завших явдал байсаар. Уг нь АТГ-аас энэ асуудлыг цэгцлүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн сайдад удаа дараа албан мэдэгдэл хүргүүлж, гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хандаж байсан билээ. Сайд Л.Халтар автомашинд улсын дугаар олгох журамд өөрчлөлт оруулан, “азын” гэх дугааруудыг дуудлагаар худалдаж, орлогыг нь Хүүхдийн төлөө фондод хандивлахаар болсон. Уг нь АТГ-ынхан Л.Халтарт хүргүүлсэн саналдаа Автозамыг засаж сайжруулах, шинэчлэхэд дуудлага худалдаанаас олсон орлогыг ашиглахыг сануулсан гэдэг.
Сайд нь автомашинд дугаар олгох журмыг шинэчилсэн ч удирдлагад нь ажилладаг албан тушаалтнууд түүнийг нь өөрсдөдөө ашигтай байдлаар ашиглаж мөнгийг нь завшиж байсан нэгэн хэргийг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж эхэллээ. ЗТХЯ-ны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа автомашины дугаарын шинэ сери задарч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн trans.dep системд оруулахад “азын” гэх дугааруудыг хэн нэгэн захиалсан мэтээр өөрчилж, улмаар танил талаараа дамжуулан худалдаж, мөнгийг нь угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон байна. ЭЦА-наас түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ сарын 27-нд дөрвөн ч газарт нэгжлэг хийн, Б.Эрдэнэтуяатай хамтрагч байж болзошгүй хүмүүсийг дайчлан баривчилсан гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр ЗТХЯ-ны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа нь улсын дугаарын шинэ сери задрахад дээрх байдлаар иргэн Н.Дөлгөөн, Б.Бат-Орших нараар дамжуулан автомашины ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зарж, хамаарал бүхий хүмүүсийнхээ ХААН банкны дансанд мөнгийг нь шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн ашиг олж мөнгө угаасан нь тогтоогдсон гэнэ.
ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийнхөн 2021 оны хоёрдугаар сарын 15-наас хойш авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дуудлагаар худалдахаар 16 удаа зарласан бөгөөд 2165 дугаар борлуулсныг АТГ-ынхан мэдээлсэн юм. Дуудлагаар худалдсан “азын” гэх дугааруудыг ердөө 17 иргэн авсан бөгөөд иргэн А гэхэд 17 дугаарыг дуудлагаар худалдаж авсан нь тодорхой болсон аж” гэжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Rabjaa Gansukh цахим хуудаснаас уншина уу.