Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2022.05.31/ хуралдаж, хуралдаанаас гарсан боловсролын салбарт гаргасан шийдвэрийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Монгол Улсын Засгийн газраас Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. Төсвийн хэмнэлтийн тухай хууль батлагдаж төсвийн тодотгол УИХ-д хэрэгжсэн. Нийт 200 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хамрагдалтыг шийдвэрлэх ажилд төсөвлөсөн. Ер нь хүүхдүүд яагаад сугалаагаар цэцэрлэгт явдаг болсон бэ гэвэл,
1. Бүртгэл буруу гаргадаг
2. Бүртгэл буруу учраас төлөвлөлт буруу гардаг
3. Санхүүжилт тодорхой схемгүй
Дээрх гурван шалтгаанаар хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт хамрагдаж байсан. Улсад сургуулийн өмнөх насны 305 мянган хүүхэд байгаагаас 77.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Харин үлдсэн хувь нь хамрагдаж чадахгүй байна гэсэн үг. Нийслэлийн 647 цэцэрлэгээс төрийн 276, хувийн 398 цэцэрлэгт 104 мянган хүүхэд авах хүчин чадал бий. Цаана нь үлдэж байгаа 34485 хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагдах эрсдэл үүсэж байгаа хэрэг. Үүнээс хоёр настай нь 24 мянган хүүхэд байна.
Энэ намрын хамрагдаж чадахгүй байх магадлалтай хүүхдүүдэд дараах гарцуудыг оллоо.
1. Улсын төсвийн болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар 20 цэцэрлэг ашиглалтад оруулна. Үүнд, 3000 хүүхэд нэмж авах боломж бүрдэнэ.
2. Улсын болон хувийн цэцэрлэг түрээсэлнэ. Түрээсийн байруудыг ирэх долоо хоногт зарлана хамгийн их ачаалалтай байгаа 24 байршилд сонгон шалгаруулна.
3. Орон сууцны нэг давхруудыг худалдаж авна
4. Байшингаас дутахааргүй тохижилттой гэр цэцэрлэгийг ашиглая. Энэ нь 15 жилийн хугацаатай байдаг.
5. Байгууллагын цэцэрлэгүүдийг хувьсах зардлаар нь дэмжинэ.
6. Хамран сурах тойргийг шинээр төлөвлөе. Хамран сургах тооцоог төрийн өмчит цэцэрлэгийн багтаамждаа тааруулж тооцдог байсан. БЗД-ийн 17-р хороонд цэцэрлэгийн насны 2900 хүүхэд байхад 300 хүүхдийн хүчин чадалтай ганцхан цэцэрлэг байдаг.
Тиймээс хамран сурах тойрог дээр байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн багтаамжийг төлөвлөнө. Өмнө нь энэ багтаамжийг төлөвлөдөггүй байсан учраас алдаа дутагдал гардаг байсан. Хувийн өмчийн цэцэрлэгийн санхүүжилтийг шийддэггүй байсан учраас тэд өндөр үнэтэй хүүхэд авах сонирхол ихтэй болохоос тойргийнхоо хүүхдүүдийг авах сонирхолгүй байсан. УИХ-ын тогтоолоор хувийн цэцэрлэгт хүүхдээ өгвөл төрийн цэцэрлэгт хүүхдээ өгч байгаа хувьсах зардлыг хоёр дахин нугалж өгөөд хоолны зардлыг өгнө гэснээр хувийн цэцэрлэг идэвхжиж хамран сурах боломж нээгдэж байна гэж ойлгож болно. Тиймээс цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хамран сурах тойргийг шинээр төлөвлөх шийдвэрийн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
Улаанбаатар хотод нэг цэцэрлэг барихад газрын үнэ нь орохгүйгээр 1.8 тэрбум болж байгаа. Нэг цэцэрлэгийг гурван жил барьж, 100 хүүхдийн асуудлыг л шийдэж байгаа юм” гэлээ.