ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх, ХХААХҮЯ-ны холбогдох албаныхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн сумдад ажиллаж, тариалалтын явц болон шинээр нэвтэрч буй технологиудын талаар тариаланчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.
Хэнтий аймгийн хувьд төвийн бүстэй харьцуулахад харьцангуй өндөр, алслагдсан бүсэд тариалалт эрхэлдэг. Аймгийн хэмжээнд Хэрлэн, Мөрөн гэсэн гол сумдад хүнсний ногооны тариалалт явагддаг онцлогтой юм.
Хэнтий аймагт ажиллах үеэрээ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж – Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байна. Бид юуны өмнө дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт тавин, хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хүрээнд тариаланчиддаа бодит дэмжлэгүүдийг Засгийн Газраас үзүүлэх томоохон шийдвэрүүдийг гаргасан. Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан ХААДС-д хүсэлт гаргасан 227 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тонн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай, 140 гаруй аж ахуйн нэгжид 930 тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай олгоод байна.
Улсын хэмжээнд үр тарианы тариалалтын явц 70 гаруй хувьтай, төмс хүнсний ногооных 35-40 хувьтай явж байна. Тариалалт хугацаандаа хэвийн явагдаж байна гэсэн үг. Урьдчилсан дүн зургадугаар сарын 25-аар гарна. Засгийн газраас гаргасан бодлого, шийдвэр зорилтот бүлэгтээ, тариаланчдад хэрхэн хүрч, үр дүнгээ өгч байгаа талаар Хэнтий аймгийн тариаланчидтайгаа уулзаад явж байна. Нөгөөтэйгүүр Канадаас нэвтэрсэн эрдэнэшүүлэггүй технологийг амжилттай нэвтрүүлээд, туршаад явж буй Хэнтий Тариалалт ХХК, Өлзийт Энсада ХХК-ын тариалангийн талбайгаар орлоо. Энэ нь уламжлалт технологиос татгалзан механик боловсруулалтыг нь цөөлөөд, дэвшилтэт техникийн хүчээр олон үйлдлийг нэг явалтаар хийх, нэг га-д тарьж байгаа үрийн нормыг багасгаад тариалалтын хугацааг урагшлуулах зэрэг хэд хэдэн давуу талтай харагдаж байна.
Уг технологийн хувьд олон улсад онолын хувьд батлагдсан, парктикт үр өгөөж, үр дүнгээ өгөөд явж байгаа. Харин манай орны хөрс, цаг уурын нөхцөлд амжилттай нутагшуулахаар ААН-үүд олон жил уйгагүй туршиж, эхнээсээ үр дүнг үзээд хэрэгжүүлээд явж байна. Энэ тал дээр Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэн дээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийгдээд явж байна. Амжилттай болвол арга зүйг нь боловсруулаад явна. Ингэснээр нийтэд дагаж мөрдөх боломж бүрдэж, тариалалтын хувьд нэг том дэвшил гарах юм. Түүнчлэн АХБ-ны санхүүжилтээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны талд баригдах усалгааны системийн ажлын явцыг эрчимжүүлэх, ашиглатад ороход шаардагдах зарим асуудлыг нь шийдэхээр газар дээр нь мөн ажиллаж байна” гэлээ.
Засгийн газраас өнөөдрийн байдлаар газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 686 аж ахуйн нэгжид 43,4 тэрбум төгрөг, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 582 иргэн, аж ахуйн нэгжид 12,2 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ