Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ээ баталсан. Ингэснээр нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Starlink, Oneweb, Telstra, Amazon зэрэг компаниуд Монгол Улсад энэ төрлийн үйлчилгээгээ үзүүлэх үүд хаалга нээгдэж томоохон алхмаар урагшилсан.
Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг (https://www.starlink.com/map). Иймд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгуудаар явж байгаа худал хуурмаг мэдээлэлд автахгүй байхыг хүсье.
Түүнчлэн Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Цахим хөгжил харилцаа, холбооны яам хариуцдаггүй бөгөөд уг асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг. Харилцаа холбооны зохицуулах хороо нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг.
Эх сурвалж: ЦХХХЯ