Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Монгол Оросын харилцаан дахь барууны нөлөөлөл – updown.mn

Монгол Оросын харилцаан дахь барууны нөлөөлөл

1990-ээд оноос  газар авсан  барууны нөлөө

Дэлхийд үүссэн  шинэ нөхцөл байдалтай хүн төрөлхтөн  хүссэн хүсээгүй  дасан  зохицож, ажиллаж  амьдрахаас  өөр аргагүй болжээ. Хэдийгээр нөхцөл байдал санаснаар  биш ч учрыг нь  ойлгож, асуудлыг  бодитоор харах ёстой.   Өнө эртний харилцаатай  хоёр орны харилцаа гэхэд өнөөдөр гуравдагч  орноос ихээхэн хамаарах болсон байна. Тодруулбал, барууны орны нөлөөлөл.

 Энэ бүхнийг тайлбарлах үүднээс  түүхээ эргэж харъя.  Империалист  Японы түрэмгийллээс манай улсыг хэн хамгаалсан билээ. Мэдээж орос ах нар. Халхын голд болсон дайнд  БНМАУ-ын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө оросууд амь насаа хайрлаагүй. Ийм үнэ цэний хариуг Дэлхийн II дайны үед Монголын  ард түмэн барьсан. Чин сэтгэлийн найрсаг харилцаа, ядрах цагт нь тусалсан  Монголын ард түмний  хүндлэлийн хариуг  оросууд мөн л  барьсан.  Энэ нь Азийн цээжинд орших Монголыг тусгаар  улс болохыг  нь хүлээн зөвшөөрөхийг Сталин  Рузвельт, Черчилль хоёртой уулзахдаа  шаардсан байдаг.

Дараа нь дайны хөлд сүйтгэгдсэн эх орноо хөл дээр нь босгохын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байсан  Зөвлөлт Улс манай улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж шилдэг мэргэжилтнүүдээ илгээсэн. Үүний үр дүнд Монгол Улс хөгжлийнхөө гарцыг олж харсан. БНМАУ-ыг өөрийн гэх үндсэн  дэд бүтэцтэй болоход нь ЗХУ  чадлаараа дэмжиж тусалсан.  Энэ үйл явц  Зөвлөлт улс болон социалист систем задрах хүртэл үргэлжилсэн билээ.  Монголд  улс төрийн систем өөрчлөгдөж, зах зээлийн нийгэмд  шилжих үед  улс төр-эдийн засгийн тулгамдсан асуудлаа шийдэх гээд олон асуудал тулгарсан. Олон улсын байгууллага, Япон, АНУ болон барууны орнуудаас тусламж хүсч, Токио хотноо Монголд туслах бүлэг 1991 онд  байгуулагдсан түүхтэй.

Тэр үед Монголын улс төрд эргэлт гаргасан нэгэн үйл явдал болсон нь 1990 оны наймдугаар сард  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер айлчилсан явдал.  Тэрбээр   “БНМАУ нь хоёр том хөрштэй.  АНУ нь танайхтай болон танай хөршүүдтэй Монголд ямар нэгэн хохирол учруулалгүйгээр харилцаагаа хөгжүүлэх болно. Танайх АНУ-ыг “хөршийнхөө” тоонд оруулснаар  гурван улстай ижил тэгш харилцааг хөгжүүлэх боломжтой” хэмээн онцолсон.

Энэ үг  Монголын гадаад бодлогын “чиглүүлэгч” нь болж, сүүлийн жилүүдэд бүх л улс орнуудтай газар зүйн байрлалаас үл хамааран тэгш эрхтэйгээр хамтран ажиллах  зарчим нь болж  олон жил үргэлжилсэн харилцаагаа нягтлаж, тэнцвэрийг хадгалах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Шинэ зарчмаар  хоёр гүрэнтэй харилцах харилцааг гуравдагч хөршөөр тэнцвэржүүлсэн  бөгөөд энэ нь эдийн засгийн салбарыг ч хамарсан билээ. Гуравдагч хөрш гэдэг нь газар зүйн байрлалтай ямар ч хамаагүй, хийсвэр ойлголт юм.

Дээрх зарчмыг баримталсанаар  манай улс төрийн тусгаар тогтнолыг алдагдуулж, бие даасан хөгжлийг сааруулж болзошгүй хоёр хөршийн  нөлөөллийг хязгаарлаж өгсөн. Өнгөрсөн жилүүдэд Монголын дипломат салбарт хэрэгжүүлсэн бодлогыг эргэн харваас шинэ ухагдахууны ард “гуравдагч” хөрш рүү чиглэсэн бодлого хэрэгжих болсон.  Хэдийгээр Засгийн газар байнга солигдож ирсэн  ч эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэхэд ямар шийдвэр гаргаж байснаас энэ нь шууд л харагдана.  Чөлөөт зах зээл  өөрийн дүрмээ тулган америк  доллар хүч түрэмгийлж, дэлхий даяраа хөгжлийн нэг л замыг сонгож,  Монгол ч барууны нөлөөнд автан  хөгжлийн  шинэ зам руу   орсон.

Тодорхой хэлбэл,  ардчиллыг сонгож түүнийг дагалдсан өөрчлөлтүүд нь барууны орнууд болон тэднээс хараат байгуллагуудын хяналт дор хийгдсэн явдал.  ОУВС, Азийн хөгжлийн банк зэрэг арилжааны бус байгууллага, янз бүрийн сангаар дамжуулан  хоёр хөршийн нөлөөллийг бууруулсан.  Өөрчлөлт тэрдундаа хуучин системийг үгүй хийхийн тулд гадаадын зөвлөгчдийн заавраар Үндсэн хуулиа хүртэл  глобалчлалд нийцүүлэн өөрчилсөн. Үндсэн хуульд   олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн өөрчлөлтүүдийг хийсэн нь бусад социализмын үеийн хуулийг либералчилж шинэчлэхээс өөр аргагүй байдал хүргэсэн билээ. Үр дүн нь бүх  хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орсон.  Ингээд  үндсэндээ 500 хуулийг эдийн засаг болон улс төрийн шинэ тогтолцоонд тохируулан өөрчилсөн байдаг. Энэ нь одоо ч үргэлжилсээр байгаа.

Улс төрийн бодлогод  орсон өөрчлөлт  буюу олон талт бодлого

Өөрчлөн байгуулалт буюу ардчилалд шилжсэн  эхний үед  дусал цус урсгалгүй энхийн замаар өөрчлөлт хийсэн хэмээн баярлаж үүндээ  ихэд хөөрцөглөсөн. Барууныхны энэ магтаалд  хууль батлах дээд байгууллагынхан ер нь бүх л шатны удирдах ажилтнууд нэг хэсэгтээ мансуурч бүхнийг барууныхны таашаалд нийцүүлэх болов.

Ингэснээр барууны шашны байгууллагууд  сүмүүд олноороо нээгдэн  нийгмийн амьдралд нөлөөлж эхэлсэн гэдгийг хэлмээр байна. АНУ-аас санхүүждэг анхны гадаадын телевиз болох EAGLE нь одоо ч  католик шашин, ардчилсан үзлийг үг хэлэх эрх чөлөөгөөр дөрөөлөн сурталчилсаар. Алдарт Энхтайван корпус ( PEACE CORP)  нь 1990-ээд оны эхээр бүх дунд сургуулийг англи хэлний багштай болгож, улс орон даяар салбаруудаа нээж америк маягийн ардчиллыг сурталчлах болов.

 Монголчуудын өдөр тутмын амьдралд ардчилал хэмээх “салхи” сэвэлзэж, улс орны тогтолцоог эргэлт буцалтгүйгээр өөрчилж, барууны үзлийг дэмжигч шашны үзэл ч даган дэлгэрэв.  Янз бүрийн шашны урсгалууд болон байгууллагуудын хувьд Монгол  “тун ч амттай” зууш  болоод зогсохгүй  шашны төлөөлөгчөөр дамжуулан Ватиканы нөлөө улс орны өнцөг булан бүр, малчдын гэрт хүртэл хүрсэн байдаг.  Өөрчлөлт шинэчлэлийн дараа улс орон нь ядуурлаас арай гэж гарч байх үед  хамгийн их амар амгалан аж төрж байсан хүмүүс гэвэл лам нар байх. Эдийн засаг уналтанд орж, бичиг үсэггүй хүмүүсийн тоо нэмэгдэж, боловсролын салбар дампуурсан шилжилтийн үед ард иргэд нь  олноороо сүм хийдэд шавилан сууж, зарим нь янз бүрийн шашны сурталд автсан. Үүний улмаас өнөөдөр Монголд 500 гаруй Христын сүм  үйл ажиллагаагаа явуулж, төрийн хариуцлагатай ажилтнууд нь хүртэл Мүүн гэгч шашинд орсон. Түүгээр ч зогсохгүй  Мүүны  Өмнөд Солонгос дахь төвд  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгааны хандив гуйхаар очсон байдаг. Олны сонорт хүрсэн иймэрхүү явдлууд нэлээд хэд хэдэн удаа гарсан.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд глобалчлал тренд болж, олон талт гадаад бодлогыг хэрэгжүүлэн олон улсын янз бүрийн байгууллагад гишүүнээр элссэн. Ирак, Афганистан төдийгүй Африкт хүртэл  энхийг сахиулах ажиллагаанд оролцсоор арван жилийн нүүр үзлээ. Манай Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үзэл баримтлалын  3.1.1.5-д Монгол Улс нь Европын Холбоотой бүх талын харилцаагаа хөгжүүлнэ хэмээн заасан байдаг. Дээр дурдсныг  үндсэн баримтлалаа болгож барууны нөлөө  улс төр төдийгүй нийгмийн бүх салбарт нэвчсэн гэж хэлж болно.

Энэ бүхэн зөвхөн гадны нөөлөөлөөс болсон гэвэл хэтэрхий өрөөсгөл ойлголт.  Монголын гадаад бодлого тэр чигтээ  харилцан ашигтай хамтран ажиллана хэмээн тохиролцсон гуравдагч хөрш рүү чиглэсэн бөгөөд стратегийн түншүүд болох хоёр хөрштэй тогтоосон харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн зарчим дээр тулгуурласан. Өндөр хөгжилтэй улс орнуудын нөлөө, манай  баримталж ирсэн зарчим  зэрэг нь  2020 оноос хойш тодруулбал  цар тахлын дараахь  өнөө үед ямар ч  ирээдүйгүй боллоо.

Хөрш орнуудтай харилцах харилцаанд нөлөөлсөн нь 

Ингээд өнөөдөр лүү эргэн орьё…

 Монголд  хамгийн том эдийн засгийн дарамт үзүүлж, үүгээрээ далимдуулан улс төрд нөлөөлж байгаа орон бол Хятад. БНХАУ нь  өөрийн бараа бүтээгдэхүүн, ашигт малтмалын томоохон зах зээлээрээ дамжуулан Евроазийн төдийгүй бусад тивийн улс орнуудыг эрх мэдэлдээ оруулчихаад байгаа. Манайд засгийн эрхийг ямар нам барьж байгаагаас үл хамааран  сүүлийн 30 жилийн хугацаанд Хятадтай харилцах харилцаанд томоохон дэвшил гарсан төдийгүй бусад орнуудтай харьцуулахад хоёр талын хамтын ажиллагаа хурдацтай хөгжсөн.

БНХАУ-ын эрх баригчид тодруулбал Хятадын Коммунист намын Төв Хороо бидэнтэй харилцахдаа сайхан сэтгэл агуулаагүй, манай засгийн эрхийг барьж буй неолиберал үзэлтнүүдтэй худалдаа-эдийн засгийн харилцан ашигтай харилцаа тогтоож хоёр талын бизнес эрхлэгчдийг улам нягт харилцаатай болгох зорилгоор санхүү-зээлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа хэрэгжүүлсэн. Хоёр талын харилцааг улам өргөжүүлэх зорилгоор  боловсон хүчнийг Хятадад бэлтгэж, янз бүрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж манай экспорт ч тэднээс хамаарч нэг үгээр биднийг хяналтдаа авсан. Тэдний манайд нийлүүлж буй экспортын барааг, Монголоос авч буй эрчим хүчтэй харьцуулахын аргагүй. Манай хоёр улсын  харилцааны хэдэн зуун жилийн түүхэнд дайсагналцсан үе цөөнгүй  бөгөөд угаасаа монголчууд хятадуудад тааламжтай ханддаггүй.

XX зууны төгсгөлөөр гуравдагч орнууд тэрдундаа Монгол ч мөн адил барууны орнуудыг шүтэж тэднээс үлгэр жишээ авч төрийн тогтолцоогоо шинэчилсэн боловч Украинд өрнөсөн үйл явдал ам.  долларын ертөнцийг орвонгоор нь эргүүлснээс мөрөөдөл нь замхархаад байна. Ингээд л дэлхий даяараа хоёр туйлын хооронд яахаа мэдэхгүй болсон. Ийнхүү дэлхий хоёр хэсэгт хуваагдах үйл явц дөнгөж эхэллээ. Европын Холбооноос найдвартай түншээ хайна гэдэг  өвсөн дундаас зүү хайхтай адил бөгөөд тэнгисийн цаанаас дэмжлэг ирнэ гэж хүлээх  хэрэггүй болов уу. АНУ-д эдийн засгийн уналт дөнгөж эхэлж, евро эдийн засгийг аварна гэдэг юу л бол. Дэлхийн I дайнаас хойш дэлхийн улс орнууд иймэрхүү байдалтай нүүр тулж байгаагүй бөгөөд өөрчлөлт хийхийг шаардаж байна.

Хэн буруутай бөгөөд яах вэ?

Энэ нийтлэлийг бичихээр бэлтгэх явцад  маш олон шинжээч судлаачтай уулзсан. Бүгд улс үндэсний эрх ашгийн асуудлыг хөндөж, жижиг улс орнуудын тусгаар тогтнолын асуудал аяндаа хөндөгдөж Орос, Украинтай холбоотой үйл явцад татагдан оролцохоос аргагүйд хүрнэ хэмээн үзэж байна.  Магадгүй тэд улс төрийн тусгаар тогтнолоо алдаж, хөгжил нь зогсонго байдалд орж, хамгийн сайнаар бодоход эдийн засаг нь зогсонги байдалд орно. Аятайхнаар хэлэх юм бол  Европын орнууд АНУ-д уруу татагдсанаас үүсээд буй нөхцлийн золиос  болж харин төвийг сахих гэсэн орнуудыг европчуудтай ижил хувь заяа хүлээж байна.

Яг одоо нөлөө бүхий гүрнүүд хэн нь ямар нөлөөтэй болох талаар ярилцаж, байдал хэвийн болоход  хөгжлийн чиг аль хэдийнэ өөрчлөгдсөн байна бөгөөд хуучин  урсгалдаа орж эргэж орох ямар ч боломжгүй болно. АНУ-ын ноёрхлоо тогтоох гэсэн санаархал ганхаж эхэлсэн бөгөөд Европ нь тэдний гар хөл  болж хямралд авчихаад байна.  Монголын эрх баригчид өнөөдөр гадаад бодлогынхоо стратегийг сайтар бодсоны үндсэн дээр тодорхойлох ёстой.  Ийм үед улс орныхоо цэргийн болон эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлж чадсан улс орон л дэлхийн шинэ төв болж чадна. Энгийнээр хэлбэл,  манай дэлхий олон төвтэй болох бөгөөд ийм тогтолцоо аль зэрэг найдвартай вэ гэсэн асуултад ямар ч шинжээч хариу  өгч чадахгүй байна. Гэхдээ хоёр сандал дээр нэгэн зэрэг суудаг арга өнгөрч байгаа тул цаг хугацаа, түүхийн шалгуурыг давсан Оростой улс төр, цэргийн хувьд улам ойр болохыг бодолцох нь зүйтэй болов уу. Үүний сацуу өнгөрсөн 30 жилийн хугацаанд АНУ болон барууны орнуудтай ойр байснаас бид юу олж авав гэж асуумаар байна. Монголын ард түмэнд юу ч өгөөгүй, харин ардчилсан үзэлтэй дээдчүүд л чамгүй юм хүртсэн.

Ингээд Монголын улс төрийн тогтолцоо руу эргэн орье. Бодит байдлыг харваас манай зах зээл жижигхэн, хэрэглэгчийн тоо бүр ч бага, улс төрийн хувьд гэвэл бидэнд нөлөөлөх нь хэнд хэрэгтэй вэ. Бид байгалийн баялгаа аль болох хямдаар олборлох  дэд бүтцээ байгуулах л хэрэгтэй. Биднээс хэн ч зөвшөөрөл авахгүй бөгөөд зөвхөн бизнес л яригдана.

Баруун бидэнд тусална гэж хүлээх хэрэггүй, тэд чадахгүй.  Бие даасан бодлогогүй болгож, дээдчүүдэд шахалт үзүүлж, хамгийн чадваргүй муу улстөрчийг сонгуулах нь өнөөгийн улс төрийн нэг арга. Монгол нь барууны орнуудын нэг хувилбар болж дотоод асуудлаа шийдэхээр чимээгүй болчихоод байна. Монголчууд үргэлж “маргааш” гэж бүхнийг хойш тавьдаг.  Өнөөдөр ч сурснаараа “маргааш” гэж хэлнэ гэвч аль хэдийнэ бүр юмнаас хожимдсон байх вий.

Д.ЦЭРЭНСАМБУУ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн