Монгол Улсын Засгийн Газар ШУТИС-ийн харьяа сургуулийг Өмнөговь аймагт байгуулахаар шийдвэрлэсэн. Нийт 20 га талбайд байгуулах сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор нь
- Сургалтын бүс
- Суурьшлын бүс
- Оюутны чөлөөт бүс
- Олон нийтийн бүс
- Ногоон байгууламж гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд хотхонд
- хичээлийн байрууд
- судалгаа инновацын төв
- спортын ордон
- оюутны дотуур байр
- эмнэлэг
- номын сан байх юм. Бүтээн байгуулалтын ажил энэ ондоо багтаж эхэлнэ.
ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн сургуульд CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн, дотоод, болон гадаадад магадлан итгэжлэгдсэн хөтөлбөрүүдээр оюутан элсүүлнэ. Эхний ээлжинд
- Уул уурхайн ашиглалтын технологи
- Мэдээллийн технологи
- Газрын тосны инженер
- Цахилгааны инженерийг энэ сургуульд бэлтгэхээр төлөвлөж байна. Эхний элсэгчид 9 дүгээр сарын 1-нээс Өмнөговь аймагт хичээллэж эхэлнэ.
Өмнөговь технологийн сургууль нь дээд боловсролын салбарын хөгжлийн нэгэн шинэ алхам болж, их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолборын анхны бөгөөд жишиг бүтээн байгуулалт байх болно. Мөн боловсролын шинэчлэлийн хүрээнд бүх түвшний буюу цэцэрлэг-сургууль-коллеж-дээд боловсролын байгууллагын залгамж чанар, уялдаа холбоог хангаж ажиллах эхлэл ч эндээс тавигдаж байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээн дэх нэг том ажил нь энэ болж байна. ШУТИС-ийг Өмнөговь аймагт байгуулахаас гадна Дархан-Уул, Орхон, Төв аймагт үндэсний хэмжээний их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажил ч цаашид хурдацтай үргэлжлэх болно.