Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн урилгаар Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога нарын төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Авлигатай тэмцэх үндэсний газар нь дээд болон дунд шатны авлигатай тэмцэх мэргэшсэн прокурорын байгууллага бөгөөд авлигыг илрүүлэх, мөрдөн шалгах, яллах үндсэн чиг үүрэгтэй. Авлигын хэргийн улмаас 200 мянган евро болон түүнээс дээш дүнтэй хохирол улсад учруулсан, гэмт хэргийн объект нь 10 мянган евротой дүйцсэн эсхүл төрийн өндөр албан тушаалтны /сайд, хотын дарга, сенатор, төрийн нарийн бичгийн дарга г.м/ үйлдсэн авлигын гэмт хэргийг харьяаллын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэхийн зэрэгцээ Европын холбооны санхүүгийн эрх ашгийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгадаг.
2013 оноос эхлэн АТҮГ нь улс төрийн олон мянган албан тушаалтныг амжилттай мөрдөн шалгасан бөгөөд 2014 онд Европын холбооноос тус байгууллагын авлигатай тэмцэх үйл ажиллагаа, сайн туршлагыг онцлон сайшааж байв. Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога нь 50 настай, 2020 оны 2 дугаар сараас энэ албанд томилогдон ажиллаж байна. Эрүүгийн давж заалдах шатны шүүх байрлаж буй хот бүрт салбар байгууллага ажиллах ба төв салбар нь Бухарест хотод байрладаг. Төв салбараас гадна бүс нутгийн 14 салбараас бүрдэнэ.
Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога нарын ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурна.
Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчид Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын Ерөнхий прокурорт зочилж ажил хэргийн уулзалт хийнэ.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх газар