Германы канцлер асан Герхард Шредер “Газпром” компанийн Захирлуудын зөвлөлд нэр дэвшихээс татгалзжээ. Оросын төрийн мэдлийн хийн компаниудтай нягт холбоо харилцаатай гэдэг шүүмжлэлийн улмаас тэрбээр Холбооны Канцлерийн алба хашиж байсны хувьд эдэлж байсан хөнгөлөлт, давуу эрхүүдээ хураалгаад байгаа юм гэж “Дойче велле” мэдээллээ.
Оросын байгалийн хийн “Газпром” компанийн Захирлуудын зөвлөлд нэрээ дэвшүүлэхээс татгалзсан гэдгээ тэрбээр “Линкедин” сүлжээн дэх өөрийн хаягаас мягмар гарагт мэдээлжээ.
Герхард Шредер компанийнх нь Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн болохыг “Газпром” өмнө нь нотолсон. Харин 78 настай Шредер “Тийм сонирхол байхгүй гэдгээ тус компанид би нэлээд эрт мэдэгдсэн” гэж өчигдрийн мэдэгдэлдээ дурджээ.
Украинд цэргийн хүчээр довтолсон Орос улстай ажил хэргийн холбоогоо таслах хүсэлгүй байна гэж Германы улс төрийн хүрээнд Шредерийг хүчтэй шүүмжилдэг. Энэ ч шалтгаанаар түүний, Холбооны Канцлер байсны хувьд эдэлдэг хэд хэдэн онцгой эрх, түүний дотор Бундестагийн байранд албан хэрэг явуулах эрхийг цуцлах эхний алхмууд өнгөрөгч долоо хоногт хийгдсэн юм байна.
Өнгөрөгч баасан гарагт Оросын нефтийн “Роснефть” компани, удирдах зөвлөлд нь Шредерийн алба хаших хугацаа таван жилийн дараа дуусах тухай зарласны дараа өдөр нь Герман улс түүнд олгодог албан ёсны хөнгөлөлт урамшууллуудыг олгохыг зогсоох шийдвэр гаргажээ.
Германы бизнесмэн, “Умардын урсгал-2” төслийн гүйцэтгэх захирал Матиас Ворнинг мөн ижил алхам хийжээ.
Европын парламент Оростой санхүүгийн холбоо хэлхээтэй ажилладаг Шредер болон Европын холбооны улс төрийн бусад зүтгэлтэнд хориг тогтоохыг уриалсан тогтоол өмнө нь баталсан юм байна.