Тоглоом бол хүүхдийн мэдрэмж болон танин мэдэхүй, бүтээлч сэтгэхүй, хүнлэг байдал, эмх цэгцэд сургадаг анхдагч дотны найз, багш нь байдаг тул сонголт зөв байх маш чухал.
-1.5 сар хүртэл
Зүүдэг тоглоом. Эргэлддэг, зөөлөн аятай, их хурц тод өнгөтэй биш, үнэргүй тоглоом байвал тохиромжтой.
Энэхүү тоглоомоор дамжуулж хүүхэд тоглоомыг хөдлөх үед дагуулж харах, зогсохоор хараагаа тогтоож анхаарах. Тоглоомоос чимээ гарах үед чих тавин сонсох мэтээр харах сонсох мэдрэхүй хөгждөг.
1.5 – 6 сар
Тоглоомыг сонжиж судлах үе нь тул шидэж, хазаж, базахад тохиромжтой тоглоомууд. Мөн хөнгөхөн дугуй булантай хатуу хавтастай ном болон даавуун ном.
6-12 сар
Бөмбөгөөр тоглох их дуртай үе. Мөн энд тэнд нүх рүү хуруугаа хийх дуртай үе тул (аав ээжтэйгээ тоглохдоо эсвэл унтаж байхад ам нүд рүү л дайраад байгаа биз хуруу хийж жүжиглэн ярьдаг нүхтэй ном, намуухан хэмнэлтэй хөгжимтэй ярьдаг ном ч тохиромжтой.
1-3 нас
Амьтад болон олон төрлийн дүрстэй (гурвалжин, дугуй), бодын шагай, баримал, эвлүүлдэг угсардаг тоглоом, хүүхэлдэй, машинаар тоглохоос гадна хялбаршуулсан хөгжмийн зэмсгүүдээр тоглох дуртай. Хүүхэлдэй, машин нь охид хөвгүүд бүрт байдаг уламжлалт тоглоом болжээ. Хүүхэлдэйгээр охид харилцаанд, хүнлэг чанарт суралцдаг бол машин нь хөвгүүдийн төсөөлөн бодох бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхээс гадна хөдөлгөөний хэрэгцээг ч хангаж өгдөг.
4 – 6 нас (Тоглоомын нас)
Энэ насанд бүх төрлийн тоглоомууд ялангуяа лего, оньсон, дүрд хувирдаг хуруун тоглоом, өнгийн харандаа, самбар шохой, задладаг, угсардаг, туршилтын, үсэрч харайх, зурагт номууд, хөзөр, оюуны картан тохиромжтой.
Анхаарах зүйл 1: Нэг дор хэт олон, гял цал тоглоом байх нь эргээд хүүхдийг амархан уйддаг, илүүг улам илүүг нэхэж шунахай сэдэлтэй болох, сэтгэх үйлийг нь хязгаарлах гэх мэт сөрөг үр дагавартай байдаг. Тиймээс та нас сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомын тоо хэмжээг нь хэм хэмжээнд нь тааруулж аажим аажмаар нэмж авч өгөөрэй.
Анхаарах зүйл 2: 3 хүртэлх насанд бүх тоглоомоо ам руугаа хийж туршдаг үеүд тул амттантай андуурахаар өнгө үзэмжтэй, жижиг ширхэгтэй тоглоом сонгохгүй байхыг зөвлөе.
Г. Төмөрзаяа