Цар тахлын улмаас 2021, 2022 онд удаа дараа хойшлогдсон Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт 5 дугаар сарын 22–26-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж байна.
Давосын гэж нэрлэж хэвшсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ) 1971 оноос хойш жил бүрийн 1 дүгээр сард болдог уламжлалтай бол энэ жил анх удаа 5 дугаар сард зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Энэ удаагийн чуулга уулзалт “Түүхэн эргэлтийн цэг: Засгийн газрын бодлого ба бизнесийн стратеги” сэдвийн хүрээнд болж байгаа ба нийт 306 үндсэн болон салбар хуралдаанд улс төр, эдийн засаг, бизнес, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг салбарын 2300 орчим төлөөлөгч оролцож байна.
Төр, засгийн тэргүүний түвшинд 50 гаруй улс , засгийн газруудын төлөөлөл болсон 300 гаруй төлөөлөгч дэлхийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлэх бол хувийн хэвшлийн 1250 гаруй төлөөлөгч хамгийн ирээдүйтэй технологи, бизнес гараа болон бусад шинэлэг санаачилгуудыг танилцуулахаар цуглараад байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 23-ны өдөр болсон “Аялал жуулчлалын талаар дахин бодож, сэргээх нь”, “Эмзэг зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх нь”, “Ардчиллын ирээдүй” зэрэг хуралдаануудад оролцов.
Мөн өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммад бин Абдулрахман Аль-Тани-тай хоёр талын уулзалт хийж, Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.