Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнийг Сэтгүүлч Б.Отгон АТГ-т шалгуулахаар өгсөн тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “Банкуудын хяналт шалгалт нь Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг. Гэтэл Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нь өөрөө 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ,удирдлагын газрын захирал хийж байсан. Энэ хүн өөрөө өөрийгөө шалгах нь албан тушаалын давуу байдал бий болгоно. Г. Дөлгөөний хууль бус үйлдлийг зөндөө бичсэн ч түүнийг шалгадаг газар алга. Шалгуулах хүсэлтээ өнөөдөр би АТГ-д өглөө.
1. Г.Дөлгөөн нь Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал байхдаа өнөөдөр чанаргүй зээлийн ангилалд орсон “Монгол драй милк” төслийн санхүүжилтийн барьцаанд гуравдагч этгээдийн буюу “Меланж” ХХК-ийн Дорнод аймаг дахь ашиг малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалсан байна. Энэ бол Банкны тухай хуулийг зөрчсөн маш ноцтой үйлдэл юм. Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь барьцаа хөрөнгийг үнэлэх, гэрээний үүргийн дагуу барьцаа хөрөнгийг барьцаанд авах, барьцаа хөрөнгийн үнэ цэнийг хянах, зээл барьцаа хөрөнгийн бичиг баримтуудын хадгалалт хамгаалалтыг хариуцдаг учраас хууль зөрчиж, чанаргүй зээл олгосон асуудлыг тухайн үеийн Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал асан Г.Дөлгөөн хариуцах ёстой .
2. Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Кью Эс Си”, “Хөтөл” гэсэн хоёрхон компаний Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 500 гаруй тэрбумд хүрчээ. Гэтэл тухайн үеийн Хөгжлийн банкны дэд захирал, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Г.Дөлгөөн нь өөрийн хувийн сурталчилгаагаа Хөгжлийн банкнаас зээл авсан Худалдаа хөгжлийн банкны охин компаниудаар хийлгэсэн байгаа нь авлигал, албан тушаалын хэрэг биш үү?
Хэнтий аймагт нөхөн сонгууль хийх тухай яригдаж байсан 2018 оны үед хотын төв, автобусны буудал бүр дээр Г.Дөлгөөний зурагтай самбарууд тавигдсан. Эдгээр самбарууд бол Худалдаа хөгжлийн банкны эзэмшлийнх. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн “Forbes Mongolia” өнгөт сэтгүүлийн нүүрэн дээр Г.Дөлгөөн зургаа тавиулж, хэдэн нүүр дараалж өөрийгөө магтсан ярилцлага өгсөн зэрэг нь Хөгжлийн банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын захирлын албан тушаалаа урвуулан ашиглаж, тус банкны зээлдэгчээр хувийн сурталчилгаагаа хийлгэсэн явдал юм.
Өнөөдөр Г.Дөлгөөн нь Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг Монгол банкны нэрийн өмнөөс, Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийн хувиар шалгаж байгаа нь өөртөө албан тушаалын давуу байдал бий болгож байна.
Учир нь Монгол банкнаас банкуудад тавих хяналт шалгалтын чиг үүрэг нь тэргүүн дэд Ерөнхийлөгчийн ажил үүрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн 22.1-р зүйлд “.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх” заалт бий.Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн нь 2018 онд АТГ-д гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1,7 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай, жилийн орлого нь 247 сая төгрөгт эргэлддэг гэж мэдүүлсний эх үүсвэрийг ч шалгах ёстой гэж үзээд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүний хувиар АТГ-д шалгуулах хүсэлт өглөө. АТГ, Прокурор үүргээ хэрхэн гүйцэтгэхийг харах үлдлээ” гэжээ.
Б.Ирээдүй
2 comments
Будлиан таригчид.
Otgon gj mungu l ugvul heniig ch muuldag balai avgai bnaa. Uulzaj l yavlaa. Egchdee hediig iluuchilhiin l gedin bnlee haha.