Америкийн Калифорни мужийн Фостер-Сити хэмээх нэгэн жижигхэн хотын захиргаа далайн эрэг, хотын цэцэрлэгт хүрээлэнг нь жинхэнэ утгаар сүйрүүлж буй зэрлэг галуунуудын халдлагатай тэмцээд тусыг эс олж байна.
Хотын захиргаанаас нутаг дэвсгэрийг өндөр хашаагаар хааж, тусгай сургасан ноход ашиглаж, шувуу үргээгч ашиглаж үзсэн боловч галуунууд хаа сайгүй тархаж, орчныг өд, сангасаараа будах болжээ.
Аргаа барсан хотын захиргаа АНУ-ын Загас агнуур, онгон байгалийн албанаас жигүүртний заримыг нь устгах зөвшөөрөл авахаар ханджээ. Гэтэл үүнийг сонссон Direct Action Everywhere бүлгийн амьтан хамгаалагчид эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна.
– Галуунууд бол зэрлэг амьтад, энэ бол тэдний газар нутаг. Тэд бол манай байгалийн үзэмжийн нэг хэсэг, Фостер-Ситигийн нүүр царай. Хөнөөж болохгүй гэж тус байгууллагын төлөөлөгч Эрик Аллен ярьжээ.
Direct Action Everywhere-ийн идэвхтнүүд хотын захиргааны дэргэд эсэргүүцлээ илэрхийлж, хөөрхий галуунуудыг тайван байлгахыг шаардсан аж.
Иргэдийнхээ дургүйцэлд дасаагүйдээ ч тэр үү, хотын захиргаанаас амьтны эрхийг хамгаалагч тэмцэгчидтэй яаралтай уулзаж, одоогоор юу ч болоогүй хэмээн тайвшруулжээ. Үүний зэрэгцээ хотын цэцэрлэгт хүрээлэн, эрэг болон нийтийн эзэмшлийн бусад газрыг зохих ёсоор хамгаалахын тулд шувуудын тоо толгойг цөөрүүлэх ёстой гэдгийг анхааруулжээ.