Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Өчигдөр (2022.05.23) эрдэмтэн, судлаач, хуульчдын санал, зөвлөмжийг сонсох хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэг ажилласан. Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ улс төрийн намууд болон Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжиж 100 мянган иргэнээс сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын даргад санал, шаардлага ирүүлсэн учир Улсын Их Хурлын даргын захирамжаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулан санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан гээд Улсын Их Хурлын даргад ирүүлсэн санал, шаардлагыг танилцууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсэг улс төрийн намууд болон иргэдээс ирүүлсэн шаардлагуудын үндсэн дээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжит ямар хувилбарууд байх вэ, сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн болон бусад органик хуулийн хүрээнд ямар өөрчлөлт хийж болох вэ зэрэг өргөн хүрээтэй асуудлыг судалж буй бөгөөд энэ хүрээнд цуврал хэлэлцүүлэг өрнүүлж буйг мөн хэлсэн үгэндээ дурьдсан.
Түүнчлэн, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш гурван жилийн дараа дахин өөрчлөлт оруулахад хүрвэл чухам ямар үндэслэлүүд байна, эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол ямар сөрөг үр дагаварт хүрэх, өөрчлөлт хийснээр Монголын ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэхэд ямар эерэг үр нөлөө авчрах вэ гэдэг тухайд итгэл үнэмшил бүхий, үндэслэл нотолгоотой дүгнэлтүүдийг гаргах үүргийг Ажлын хэсэг хүлээж буйг дурьдлаа.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд мөн үг хэлэв. Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага зайлшгүй байна уу гэдгийг энэ долоо хоногийн туршид эрдэмтэн, судлаачид, хуульчдаас гадна улс төрийн намуудын удирдлагууд, мөн ардчилсан Үндсэн хууль тогтоогчид зэрэг нийгмийн бүлгүүдийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, ярилцах бөгөөд дүнг нэгтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулах талаар болон энэ асуудлыг өнөөгийн хууль тогтоомжтой нийцүүлэн хэрхэн хэлэлцэж болох талаар байр сууриа илэрхийлэв.
Үргэлжлүүлэн хүрэлцэн ирсэн оролцогчид саналаа хэлж, Улсын Их Хурлын гишүүдээс хэлэлцүүлгийн сэдвийн дагуу асуулт асууж, хариулт авсан. Д.Үүрцайх, Н.Мягмарцоож, П.Амаржаргал, Т.Туяачимэг, Я.Төгөлдөр, Г.Чулуунбаатар, Б.Гүнбилэг, А.Цанжид нарын эрдэмтэн судлаачид, хуульчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нийгмийн зөвшилцлийг ханган хийх нь зөв, гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс өмнө Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн батлах шаардлагатай, сонгуулийн тогтолцооноос илүү улс төрийн намын санхүүжилтийг хянах нь чухал асуудал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага бодитоор үүссэн үү гэдэгт нухацтай хандах, хэрвээ тийм шаардлага үүссэн гэж үзэхгүй бол улс төрийн намууд хийгээд иргэдийн тавьж буй шаардлагыг органик хуулиар зохицуулах боломжтой талаар болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буруу гарсныг ямар арга замаар, хэрхэн, яаж засах вэ гэдэгт толгойгоо уралдуулах шаардлагатай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулалгүйгээр сонгуулийн тогтолцоог Улсын Их Хурал ямар л бол ямар хэлбэрээр өөрчлөөд явах эрх нь бий, гишүүдийн тоог нэмж, төвлөрсөн эрх мэдлийг сааруулах шаардлагатай гэх зэргээр өөрсдийн саналаа илэрхийллээ.
Түүнчлэн оролцогчдын зүгээс сонгуулийн тогтолцооны аль хэлбэрийг сонгох талаар Ажлын хэсгийн байр суурийг тодруулсан. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар энэ парламентын олонх буюу Монгол ардын намын бүлэг албан ёсоор санал гаргасан, нэгдсэн байр суурьт хүрсэн асуудал байхгүй, Бүлэг дээрээ албан ёсоор асуудал болгож яриагүй байгаа талаар хэлэв.
Мөн оролцогчдын санал, асуулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж буй ч засаглалын хэлбэр солих, хоёр танхимтай парламент бий болох зэрэг асуудлыг хүлээн авах боломжгүй гэдэг ерөнхий ойлголттой байгаа талаар хариуллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирэх лхагва гаригт эл асуудлаар улс төрийн намуудын удирдлагууд, баасан гаригт ардчилсан Үндсэн хууль тогтоогчдыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлэх чиглэлтэй байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.