Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Унгар улсын Усны менежментийн ерөнхий газрын Ерөнхий захирал Ланг Иштван, Environ Ltd компанийн Гүйцэтгэх менежер Иллеш Лаююш, Визитерв Экспорт ХХК-ийн гүйцэтгэх менежер, Др.Добо Ласло нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол, Унгар улсын усны салбарын эрдэмтэн, судлаачид 1977 оноос хамтран ажиллаж байсан нь 2 улсын хамтын ажиллагаанд усны салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсний тод жишээ. Тодруулбал, Монгол Улстай усны салбарт хамтран ажиллах гэрээг 1995 онд, хоёр улсын усны газар хамтын ажиллагааны санамж бичигт 2008 онд гарын үсэг зурсан. Эдгээр хамтын ажиллагаанд үндэслэн 2 улсын усны салбар олон төсөлд хамтран ажиллахыг зорьж байгааг Унгар Улсын төлөөлөгчид уулзалтын үеэр тодотгожээ.
Унгар улсын Гадаад харилцааны яамны санхүүжилтээр Монголд хөрсний чийгийг судлах, мониторингийн цэг байгуулна. Ингэснээр хөрсний чийгийг 10 хоногийн өмнөөс мэдрэх, ялангуяа ХАА-н талбайд шаардлагатай усалгааг урьдчилж мэдээлэх боломжтойгоос гадна усалгааны шинэ технологи бий болгоно. Мөн ус хэмнэх, ашиглалтыг нь сайжруулах ач холбогдолтой аж.
Түүнчлэн боловсролын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын усны салбарын мэргэжилтэн, судлаачдыг богино хугацааны болон их сургуулийн хөтөлбөрт хамруулах боломжтой.
Мөн хэдэн жилийн өмнө ирж байснаас Улаанбаатарын экосистем ихээхэн өөрчлөгджээ. Иймд усны нөөцийг нэмэх, усны чанарыг сайжруулах, голуудын экосистемийг сайжруулах чиглэлд төсөл хэрэгжүүлэхэд Унгарын Засгийн газраас санхүүжүүлэх боломжтой гэжээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр “Усны салбарын мэргэжилтэн, судлаачдыг Унгар улсад мэргэжил дээшлүүлэх, эрдэм шинжилгээний туршлага судлах хамтын ажиллагааг дэмжинэ. Манай улсад нэг гол дээр экосистемийн загвар төсөл хэрэгжүүлэхийг санал болгосон. Сэлбэ голд санал болгосон төслийг хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа”-г дурдсан байна. Унгарын мэргэжилтнүүд судалгаа, шинжилгээ хийж, нарийвчилсан төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулан дахин танилцуулан, хамтран ажиллахаа илэрхийлсэнийг БОАЖЯ мэдээлэв.