Чингэлтэй дүүрэгт ашиглалтад орсон хоёр дахь спорт цогцолбор 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дээд Салхитын аманд байрладаг. Уг соёл, спорт, аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг 2017 оноос эхлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.
Дээд Салхитын соёл, спорт, аялал жуулчлалын цогцолбор нь хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, авто зогсоол зэргээс бүрдэнэ. Мөн гүйлтийн зам, тамирчдын хувцас солих өрөө, ариун цэврийн байгууламж, кофе шоп, спорт барааны дэлгүүр, хоолны газар зэрэг үйлчилгээний байгууламжийг төлөвлөн байгуулжээ. Бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй бөгөөд элсний гар бөмбөг, амралтын талбайг байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав “Хөл бөмбөгийн талбай, сагсны талбайн хэсэг нь ойролцоогоор 4.5 га талбайг хамарч байгаа. Дээд Салхитын уулын мод багагүй хэмжээгээр шатаж, халцарсан тул бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан ногоон байгууламжийг бий болгохоор зорьж байна. Одоогоор тохижилт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг “Хайрхан хөгжлийн төв” ОНӨТҮГ хариуцах болно” гэлээ.
БОАЖЯ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын санаачилгаар байгуулсан тус бүтээн байгуулалтын ажилд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Барилгын хөгжлийн төв техникийн хяналтыг хийсэн бол “Эко тогтол” ХХК гүйцэтгэгчээр ажиллажээ.
Нийтэлсэн: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар