Орос Украин дахь байлдааны ажиллагаанд өдөрт дунджаар 21 тэрбум рубль зарцуулж байна. Энэ нь Халимагийн эсвэл Еврейн автономит мужийн жилийн төсөвтэй тэнцэх мөнгө гэнэ.
Дайны өмнөх саруудтай харьцуулахад Оросын төсвөөс батлан хамгаалах салбарт гаргасан зардал бараг 2 дахин нэмэгджээ. 2022 оны нэгдүгээр сард тус улсын Засгийн газар цэргийн хэрэгцээндээ 233,7 тэрбум рубль зарцуулсан бол хоёрдугаар сард энэ зардал 369 тэрбум рубль болтлоо өсөж, гуравдугаар сард 450 тэрбум болжээ. Дөрөвдүгээр сард холбооны төсөв “Үндэсний батлан хамгаалах” салбарт 628 тэрбум рубль зарцуулсан байх юм.
ОХУ-ын Сангийн яам дөрөвдүгээр сард энэ оны анхны төсвийн алдагдлыг бүртгэсэн байна. Засгийн газрын орлого нь зарлагаасаа 262,3 тэрбум рублиэр бага байжээ. Оны эцэст илүүдэлтэйгээр боловсруулсан төсөв гүн хасах руугаа орно гэж Сангийн сайд Антон Силуанов дөрөвдүгээр сарын сүүлчээр мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр, төсвийн алдагдал 1,6 их наяд рубльд хүрнэ гэжээ.
Эх сурвалж www.moscowtimes.eu
Орчуулсан Э.МАРТ