Израил улсын Статистикийн төв товчооноос таагүй мэдээлэл гаргажээ. Тодруулбал, тус улсад өнгөрсөн сард хэрэглээний үнийн индекс 0,8%-иар өсжээ. Нэгдүгээр сараас хойш үнэ 2,3%-иар нэмэгдэж, өнгөрсөн оныхтой харьцуулахад 4%-иар өссөн байх юм.
Юуны түрүүнд дөрөвдүгээр сард шинэ жимс, ногооны үнэ хамгийн ихээр буюу 5,5%-иар өссөн байна. Харин хувцас, гутлын үнэ 2,8%, түүнчлэн тээврийн үнэ 2,8%-иар нэмэгджээ. Соёл амралтын үйлчилгээ 1,5%-иар нэмэгдсэн бол харилцаа холбоо эсрэгээрээ 1,2%-иар буурсан байна. Гэвч үнэ буурлаа гээд хэн ч баярлахгүй байгаа аж.
Израилын иргэдийн дунд, ялангуяа бага орлоготой хэсэг нь инфляцийг хазаарлан барьж чадахгүй төр засгийнхаа үйлдэлд дургүйцэх нь нэмэгдэж, эсэргүүцэл дэгдээх хандлагатай болсныг тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Энэ асуудлаас болоод Израилд арав гаруй жил гараагүй нийгмийн эсэргүүцлийн давлагаа үүсэж магадгүйг шинжээчид анхааруулж буй аж.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.МАРТ