Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн менежер Дуняа Хоффман, дэд менежер Торге Кетелходт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Талууд Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн үр дүн, хэрэгжилтийн талаар хэлэлцэв. Мөн энэ үеэр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийг танилцуулсан юм.
Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын 22 сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэл, иргэдийн төсвийн талаарх гарын авлага, цахим платформ, хөрөнгө оруулалтын гарын авлага, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлжээ.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн менежер Дуняа Хоффман “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл нь дөрвөн хэсгээс бүрдэнэ. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтыг ил тод, үр дүнтэй болгох, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх гол оролцогч байгууллагуудын төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх, хувийн хэвшлийн чадавхыг бэхжүүлэх, Улаанбаатар хотод эрчим хүчний үр ашигтай технологи нэвтрүүлэх зэрэг юм. Цаашид олж авсан туршлагадаа үндэслэн хөрөнгө оруулалтын ажлуудыг илүү нээлттэй, оновчтой болгож, эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэх боломжтой” хэмээлээ.
Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийн тухайд барилгын хуучирч муудсан гадна хийцийг засварлан дулаалж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг төлөөлөгчид онцлов. Нийслэл хотод 2000 оноос өмнө барьсан дулаан алдагдал өндөртэй угсармал орон сууцны 1077 блок барилга байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цаашид төвлөрсөн цахилгаан, дулаан хангамжид холбогдоогүй хороолол, хотхоныг төвлөрсөн эх үүсвэрээр хангах хэмжээний бодит хэмнэлтийг бий болгох нь зүйтэй гэдгийг дурдав. Мөн үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт менежментийн корпорац” ҮЦК-ийн дэргэдэх Нийслэлийн ногоон сангаар дамжуулан Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд сангийн менежментийг сайжруулан ажиллах саналтайгаа илэрхийлж, нийслэлийн зүгээс тус төслийг бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар