Монгол төрийн жолоог залж буй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй эрх баригчид төрийн албанд ажлаа хийж чадахгүй байгаа дарга нарыг өчиггүй ажлаас нь чөлөөлнө, улмаар хатуухан хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ нь “гэрэл цохиулсан” цөөн хэдэн хүнээс бусдад нь үйлчлээгүй бодит үнэн….
Тухайлбал, Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат гэх ажлаасаа, хариуцлагаас “зугтаж” явдаг хүн байна.
Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлуудад хяналт тавьж, төрийн нүд чих болж байх учиртай байсан тэрбээр нээлттэй сонсголоос нь ч зугтаад өнгөрсөн. Ер нь л олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх шаардлагатай бүхнээс зайлсхийж өдий хүрсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй.
Харин өдгөө хамгийн ноцтой нь төрийн байгууллагуудын 2021 оны аудитын тайлан одоог хүртэл нээлттэй гараагүй байх юм. Хуулийн хугацаа нь өнгөрсөн 3 сарын 25-наар дуусчээ. Угтаа энэ хугацаанд багтаж хуулийн хэрэгжилт, ил тод байдлыг хангасан байх учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл ямар шалтгаанаар хойшилсон нь тодорхойгүй, эрхэм дарга Д.Занданбат нь хэвлэлээс зугтаж, муур хулгана болсон байдалтай байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Та мэдэж байгаа юу.
Төрийн бүхий л байгууллагад аудит хийдэг тус газар ямар нэгэн ашиг сонирхлоор аудитын тайлангаа нээлттэй гаргахгүй байна уу, эсвэл ажлаа хийж чадахгүй байна уу гэдгийг тодруулмаар байна.
Товчхондоо, Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байдалд хүргэсэн гэсэн үг юм.
Төсвийн мөнгийг үр ашигггүй зарцуулдаг ч ажилдаа “гологдсон” Д.Занданбат гэж хэн бэ
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг 2018 оны сүүлээр албан тушаалаа ашигласан асуудлаар албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байдаг. Улмаар Д.Занданбатыг оронд томилсон. Тэрбээр 1967 онд төрсөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан.
Д.Занданбатыг төсвийн мөнгийг удаа дараа үр ашиггүй зарцуулсан хэмээн хэвлэлээр бичигддэг тэрбээр эрх мэдлээ ашиглаж өмнө нь ажиллаж байсан татварын байгууллагаасаа олон хүнээ зөөсөн гэдгийг амтай болгон хэлдэг. Тэр байтугай албан бус хувийн харилцаатай эмэгтэйчүүдээ авчирсан гэх яриа ч газар аваад удаж байгаа аж.
Ийм ёсзүйгүй, ажилдаа “гологдож” байгаа хүнд төрийн чухал албыг даатгасаар байх нь ЗӨВ үү, Ерөнхий сайд аа.