Нийслэлчүүдэд ногоон байгууламж, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж ус агаар мэт хэрэгтэй байгааг төв талбайд дэвссэн хиймэл зүлэг тод харуулсан. Тэгвэл ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд дэвшил гарч Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 35 га газарт Олон Улсын Соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ.
Энэ үеэр БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, “Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийн арга хэмжээг тэмдэглэж эхлээд 23 дахь удаагаа хамтдаа мод тарьж байна.
Мөн хот суурин газрын хөгжлийн түвшинг тодорхойлох гол үзүүлэлтийн нэг бол цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Хот, суурин газрын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх” ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН байгуулагдаж байгаад нийт Монгол улсын иргэд болон нийслэлчүүдийнхээ өмнөөс талархалтай байна.
Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа эрүүл орчинд ая тухтай амьдарч зугаалах, ногоон технологийн шийдэлтэй, Монгол улсын түүх, соёлыг дэлхийд сурталчлан таниулах, гадаад дотоодын жуулчдын зорин очих орон зайг бий болгож, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд улс үндэстний түүх, соёл урлаг, экологийн боловсролыг олгох, судалгааны шинжилгээний төв болгохын төлөө яамны зүгээс хамтран ажиллах болно” гэв.
Тус цэцэрлэгт хүрээлэн нь саарал усыг дахин ашиглах, хог хаягдлын менежментийг бүрэн шийдсэнээрээ давуу талтай. Мөн дотроо дөрвөн улирлын агропарктай гэдгээрээ онцлог.