Бали арал дээр орчин цагийн урлагийн хэдэн арван үзэсгэлэн бий. Жишээ нь Пури Лакисан мукейд хөшөө дурсгал ба уран зургийн томоохон цуглуулга байдаг.
Хуучин хот Убуд бол Бали арлын гар урлал ба урлагийн төв юм. Эндхийн зах дээр та уран гартнуудын бүтээлийг хараад алмайран гайхах болно. Модон сийлбэр, хээ угалз нь бахдал төрүүлдэг. Алт мөнгөн эдлэл нь дахин давтагдашгүй хийцтэй. Бали арлын өмнө хэсэгт байрлах Кута ба Легеан амралтын газрууд наранд шарлагын газарт налайх дуртай жуулчдад нэн таалагдана.
Энэ хэсэгт нарийн ширхэгтэй цагаан элс бүхий наран шарлагын газрууд далайн эргий эмжсэн байдаг. Ялангуяа Дриймлэнд (мөрөөдлийн газар) наранд шарлагын газар нь дэлхийд алдартай. Шөнө болоход цэнгээний газруудын амьдрал буцалдаг.
Домогт “Хард рок” кафе юмуу усан онгоцны хэлбэртэй Баунти Шипийг нэрлэж болно. Гэр бүлээрээ амрахад тохиромжтой арай илүү амгалан тайван наран шарлагын газар нь Санур юм. Энд хүүхдүүд ч далайн усанд шумбаж болно. Учир нь Энэтхэгийн далайн хүчтэй давалгааг эргийн дагуу байрлах шүрэн саад хамгаалдаг. Бали арлын загасны шилдэг ресторанууд Жимбиранд байдаг. Семиньяк сувиллын газарт та “хоолны” хэмээн алдаршсан Оберой гудамжаар зугаалж, нутгийн хоолноос идэж болно. Та аль ч газарт арлын үндсэн хоол болох бебек туту хэмээх халуун ногоотой нугас юмуу бали гулинг хэмээн шорлож шарсан тооройг идэх боломжтой.
Энэ арлыг “Бурханы арал” гэж нэрлэдэг. Учир нь арал дээр мянга гаруй сүм хийд бий. Хамгийн хүндэтгэлтэй нь Улувату хийд юм. Далай руу өнгийсөн 150 м өндөр хадан цохион дээр босгожээ. Эндээс үгээр өгүүлшгүй үзэсгэлэн тодорно. Урьд нь энд зөвхөн дээд зиндааныхан ирж мөргөл үйлддэг байв. Харин одоо жуулчдыг нэвтрүүлдэг болжээ. Заавал үзэх ёстой өөр нэг сүм нь Улан Дану юм. Усны охин тэнгэрт зориулан босгосон сүм бөгөөд үзэсгэлэнт Братан нуурын эрэгд дээр сүндэрлэнэ. Эрэг орчмоор завиар зугаалах үед далайн гахайн сүрэгтэй учирч мэднэ. Бали арлын хоёрдахь том хот болох Сингаражаас хөлөг онгоцнууд далайд гардаг. Энэхүү боомт хотод ирэхдээ шөнийн захаар зааваь ороорой. Зураг цохисон торгыг үзэж та гайхах болно.