Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөснөө зарлав. Ингэснээр сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэнд хүрсэн инфляцтай валютын хатуу бодлогоор тэмцэх зорилгоор 6-р сараас эхлэн балансаа хумина гэсэн үг. Энэ нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээл дахин томоохон цохилтод өртөх вий гэсэн түгшүүрийг олон улсын хамтын нийгэмлэгт төрүүлж буй юм.
Урьд нь хэрэгжүүлж байсан зээлийн хүүг тэглэх, зөөлрүүлэх бодлогоос үүдсэн үнэ огцом өссөн үр дүн, мөн өнөөдөр хэрэгжүүлж буй валютын хатуу бодлого зэрэг нь АНУ-ын долларын ноёлох эрхээ ашиглан, хямралыг дэлхий дахинд үүрүүлэх зорилгын нэг хэсэг гэж хэлж болно. Энэ нь цар тахлын дараах сэргэж буй эдийн засагт асар их сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Нэг талаар Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөсөн нь долларын хөрөнгө оруулалтыг татаж, хөгжиж буй зах зээлээс хөрөнгө гадагш урсах, валютын ханшийг сулруулж, олон орныг өрийн эрсдэлд оруулж болзошгүй. Мөн долларын ханшийн өсөлтөөс болж бусад орны мөнгөн тэмдэгтийн ханш унаж, иргэдийнх нь худалдан авах чадварыг сулруулж, хөгжиж буй орнуудын эдийн засгийг сэргээх үйл явцад улам бүр дарамт үзүүлэх болно.
Үнэндээ АНУ долларын ноёрхлыг тогтоосны дараа дэлхийн нөөц баялгийг цөлмөх гэсэн “хуучин арга башир”-аа үе үе дахин ашиглаж байдаг. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулснаар хөгжиж буй орнууд тус улсаас их хэмжээний зээл авч, эдийн засаг нь эрчимтэй хөгжих хэдий ч эргээд унах эрсдэл дагуулдаг. Тус сан бодлогын хүүгээ нэмэгдүүлэх үед хөгжиж буй орнуудын хөрөнгө нь гадагш урсаж, ханшийн савлагаа үүсэн, улмаар санхүүгийн хямралыг бий болгодог.
Дэлхийн хамгийн том орны хувьд АНУ-ын эдийн засаг уналтад орвол маш их эрсдэл авчрах нь дамжиггүй. Дэлхий нийт ч цаг ямагт энэ эрсдэлээс сэргийлэх ёстой.
Америкийн эдийн засаг хүндрэлтэй тулгарах үед Вашингтоны зарим улс төрчид алдаагаа ухамсарлахгүй харин ч эсрэгээрээ хариуцлагыг бусдад тохон, зугтаж эхэлдэг. Энэхүү үйлдэл нь Америкийн эрх баригчид зөвхөн өөрийн орны ард иргэддээ төдийгүй дэлхий нийтийн өмнө хариуцлагагүй хандаж буй хэрэг юм.
Эх сурвалж: СОНИН.МН Н.Пүрэвжав