Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн боловсролын байгууллагын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын 76 байгууллага бий. Эдгээр нь нийт 3944 багш, ажилтантай. Тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, ямар бодлого, шийдвэрийг гарган ажиллаж байгаа талаар салбарын сайд болон холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж үйлдвэржсэн, ажилсаг монголыг бий болгох чиглэлд ажиллаж байна. Иймдээ ч 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэх төлөвтэй байгаа. Үүнийгээ дагаад мэргэжлийн боловсролын байгууллагын эрэлт хэрэгцээ улам нэмэгдэнэ. Салбарын сайд хэлэхдээ 2,5 жилийн боловсрол олгож буйг 3 жил болгох, 9 дүгээр ангиа төгсөөд мэргэжлийн боловсрол эзэмших эсвэл төрөлжсөн ахлах сургуульд суралцах боломжийг нь бүрдүүлнэ гэдгийг тодотголоо.
Мөн энэ салбарын удирдлагын тогтолцоог мерит зарчимд тулгуурлаж томилдог болно. Орон нутгийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1-3 дугаар шатлалын үйлчилгээний ажилтнуудын цалин хөлс орон нутагт шилжиж, зохих нэмэгдлүүдээ авч чадахгүй байсныг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн. МСҮТ улсын төсөв батлагдснаас хойш яамны харьяанд шилжиж ирсэн тул бусад багш нарын адил цалинг нэмэх эрх зүйн боломж гараагүй. Гэхдээ цаашид нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Мэдлэг, чадвар, төлөвшилд тулгуурласан мэргэжлийн боловсрол олгоход анхаарч ажиллах нь чухал болохыг онцлов.
Уулзалтын төгсгөлд салбарын сайд Мэргэжлийн боловсролын байгууллагынхантай нэгдсэн уулзалт хийх саналыг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлд тавилаа.