Ferrari дуучин Жастин Биберт өөрийнх нь брэндийн машин худалдан авахыг хоригложээ. Италийн домогт автобрэнд Канадын алдарт дуучинд ийм хатуу хориг тавих болсон нь үйлдвэрлэгч компанийн үзсэнээр, машины эзэн ёс зүйн хувьд зөрчилгүй байх ёстой гэсэн шалгуурыг даваагүйтэй холбон тайлбарлажээ.
Учир нь Бибер энэ журамд нийцэхгүй үйлдэл гаргажээ. 2016 онд тэрбээр машинаа Беверли Хиллзийн нэгэн зочид буудлын гадаа хаяад, гурван долоо хоногийн дараа мөрдөгчдийн тусламжтайгаар олж чадсан аж.
Ferrari өөрсдийнх нь автомашинд ингэж хандахыг өршөөдөггүй. Түүнчлэн машины өнгө, загварыг өөрчилж, дуудлага худалдаагаар зарсан зэрэг нь дуучны нэр хүндэд нөлөөлжээ.
– Товчхон хэлэхэд Ferrari-д хүндлэлтэй хандах хэрэгтэй. Яагаад гэвэл машинаа хүндлэхгүй байна гэдэг домогт компанийн түүхийг хүндэтгээгүйтэй адил. Үүнд алдар нэр, банкин дахь мөнгө ямар ч хамаагүй хэмээн Италийн La Repubblica сонинд бичжээ.
Харин одоо 20 инчийн дугуйтай, тод цэнхэр өнгийн Ferrari 458 Italia-гаа $434 500-аар зарсан дуучин Бибер цаашид хэчнээн мөнгө амласан ч феррари унах эрхгүй болоод байна.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.МАРТ