“Ёс зүйн жил-2022”-ын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн “Ёс зүйн зөвлөлийг чадавхжуулах нь” сургалтыг БШУЯ, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Ёс зүйн зөвлөлүүд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм, Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам зэрэг эрх зүйн баримт бичгийг мөрдөж байна. Эдгээр баримт бичгийн дагуу ерөнхий боловсролын 848 сургууль, 21 аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд Ёс зүйн зөвлөл ажиллаж байгаа юм. Өнөөдрийн сургалтад Ёс зүйн зөвлөлийн 5900 гишүүн оролцов.
Сургалтаар сургуулийн ёс зүйн зөвлөлийн гишүүдэд сэтгэлгээний өөрчлөлтийн шинэ хандлага, арга хэрэгсэл, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёлыг бүтээхэд ёс зүйн зөвлөлийн үүрэг оролцоо, ёс зүйн талаар өрөөсгөл хандлага ба хэвшмэл ойлголт зэрэг сэдвүүдээр хичээл заасан юм.
Сургуулиудын Ёс зүйн зөвлөлийн гишүүд энэхүү сургалтад хамрагдаж байгууллагын соёл, төрийн албан хаагчийн ёс зүйн шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг шинэ мэдлэг, арга хэрэгсэл, ур чадварт суралцлаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.