Олон улсын сувилагчдын өдөр” өнөөдөр тохиож буй. Үүнтэй холбогдуулан“Сувилагчид ээлтэй монгол” сувилахуйн үндэсний чуулган Төрийн оронд болж байна. Энэ үеэр “Сувилагчид ээлтэй монгол” сувилахуйн үндэсний чуулганыг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн үг хэллээ.
Тэрбээр: Монголын нийт сувилагчдын 10 хувь нь энд цугласан байна. Өнөөдөр бид 13 мянган сувилагчийн эрх ашгийг хөндөж, сувилагч мэргэжлийг алдаршуулхаар нэгдээд байна. Сувилагчдын нийгмийн асуудал орхигдсон нь үнэн. Тэдгээрийн цалин бага, зээлээс зээлийн хооронд байдгаас үүдэн өөрийн байр орон сууцтай болж чаддаггүй. Байрны зээлд хамрагдаж чаддаггүй. Мөн ажлын ачаалал их, стандартаас хоёр дахин ачааг үүрдэг. Сувилагчдын 98 хувь нь цалингийн зээлтэй. Цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж байна. Жишээлбэл, АНУ-д цар тахлын улмаас 3600 орчин эмч сувилагчид амь насаа алдсан. Манай улсын хувьд ч ялгаагүй цар тахал сүүдрээ тусгаж эмч, сувилагчдад ажлаас халшрах синдром элбэг байна. Энд ирсэн сувилагчдад тараасан торон дотор “сувилагч нартаа баярлалаа” гэсэн сэтгүүл байгаа. Уг сэтгүүлд 11 сувилагчийн ярилцлага багтсан. Тэдний хамгийн залуу нь 20 настай, хамгийн ахмад нь 60 настай. Харамсалтай нь, сувилахуйн салбарт гуч гаруй жил ажилласан ахмад байрны зээлд орж чадаагүй. 20 орчим жил ажилласан сувилагч нар нь цалингийн зээлтэй, 20 гаруй насны сувилагч нар нь ирээдүйдээ итгэл муутай байна. Энэ бол Монголын 13 мянга гаруй сувилагчдын нийгмийн асуудал. Сувилагчдыг нийгмийн даатгалын шимтгэлээр бүрддэг хувийн тэтгэврийн дансыг барьцаалах замаар урьдчилгаагүй ипотекийн зээлд хамруулах гаргалгааг дэвшүүлж байна гэжээ.