Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.
Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.05.12/ 09.30 цагт товлосон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэрч оролцуулах, хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээд байгаа.
Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн.
Хохирогчийн гэргий Б.Нандинцэцэг “Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөх гэж оролдсон байна. Харин шүүгчид хараат бусаар хэрийг шийдвэрлэхээ илэрхийлж, хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсон” хэмээн цахим хуудсандаа бичжээ.