Манай улсад тусгай хэрэгцээт 2,500 гаруй хүүхэд бүх шатны боловсролын байгууллагад хамрагдаж чаддаггүй байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.
Эдгээр хүүхдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудлыг шийдэх арга замыг тодорхойлох “Сурах эрх” зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж байна.
Монгол Улсад 2021 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11,835 хүүхэд амьдарч байгаа юм. Хүүхдүүдийг боловсролын үйлчилгээ авч чадаж байгаа эсэхийг тодруулбал,
сургуулийн өмнөх боловсролын насны 1,629 хүүхдээс 1,023 нь буюу 63 хувь
сургуулийн насны 8,873 хүүхдээс 6,208 буюу 70.7 хувь нь сурах эрхээ эдэлж, боловсрол эзэмшиж байгаа аж.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхэд бүхэн хөгждөг. Эхээс, байгалиас төрөхдөө тэгш боломж, эрхийг авч төрдөг. Гэхдээ тэр сурч боловсрох, хөгжих эрхээ тусгай хэрэгцээт хүүхдүүд эдэлж байна уу гэдгийг өөрсдөдөө асуувал сэтгэлд хүрсэн хариултыг авч чадахгүй байх. Иймд олон асуудлыг шийдсэн хэлэлцүүлэг болно гэж найдаж байна. Би сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүнийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл нь бодлого гаргах түвшинд оролцож, зөвлөх нь зөв хэлбэр гэж үзэж байгаа” гэв.