Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг ирэх есдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд дүүргийн зуслангийн бүсэд хоггүй, цэвэр цэмцгэр байхыг оршин суугч, аялагч, амрагчдад уриалж байгаа юм.
Тэгвэл дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өнгөрөгч лхагва гаригт хог хаягдлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран зуслангийн 15, 19, 20 дугаар хороодод их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулав. Их цэвэрлэгээнд “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын 5 хог тээврийн машин, зам талбайн 15 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 15 үйлчлэгч, “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн хог тээврийн 3 машин, иргэдийн бүлгийн 8 үйлчлэгч, “Алтан дорнын хүч ХХК”-ийг 1 хог тээврийн машин иргэдийн бүлгийн 3 үйлчлэгч, нийт 9 хог тээврийн машин, 59 хүнийг хамруулан ажилласан байна. Цэвэрлэгээнээс гарсан 18 рейс, 89 тонн хог хаягдлыг бүрэн тээвэрлэж, Цагаан давааны хогийн цэгт асгалаа.
Эх сурвалж: Zasag.mn