ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гаригт Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннеттэй утсаар ярих үеэрээ Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдэлд албан ёсоор уучлалт гуйсан талаар Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Адольф Гитлерийг еврей хүн байсан гэж хэлсэн нь израилчуудын дургүйцлийг хүргэж уучлалт гуйхыг хүссэн юм. Тодруулбал Сергей Лавров өнгөрсөн ням гаригт Италийн телевизэд ярилцлага өгөх үерээ “Адольф Гитлер еврей гаралтай хүн байсан. Еврейн эсрэг үзлийг хамгийн их турхирагчид бол еврей нар өөрсдөө” гэж мэдэгдсэн билээ.
Израилийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдээлснээр Нафтали Беннет Кремлийн тэргүүний уучлалт гуйсан явдлыг хүлээн авч, еврей ард түмнийг хоморголон устгасан эмгэнэлт түүхэнд хүндэтгэлтэй хандаж байгаад талархал илэрхийлжээ.
Харин Кремлийн хэвлэлийн алба Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннеттэй утсаар ярьсан талаар мэдээлэл өгөх үеэрээ Ерөнхийлөгч Владимир Путин Гадаад хэргийн сайдынхаа мэдэгдэлд уучлалт гуйсан талаар огт дурдаагүй байна.