Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн оноос 73.5 хувиар өссөн талаар Тээврийн цагдаагийн албанаас танилцууллаа.
Тодруулбал, Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 84.4 хувиар, гэмтсэн хүн 81.0 хувиар, нас барсан хүн 73.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 391 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 120 хэрэгт мөрдөн байцаалтын хэрэг, 271 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан байна.
2019 оны үзүүлэлттэй харьцуулахад улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 12.9 хувиар, гэмтсэн хүн 7.4 хувиар, нас барсан хүн 16.7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Хөдөө орон нутагт бүртгэгдэж байгаа зам тээврийн ослынулмаас амь нас хохирсон хэргийн дийлэх хувийг мотоциклийн осол эзэлж байна. Хохирогчид хамгаалах малгайгүй, “А” ангилалгүй тээврийн хэрэгсэл жолоодсон гэх мэт зөрчлүүдийг ихээр гаргаж байна.
Мөн холын замд жолооч нар нойргүй явах, хурд хэтрүүлэх, гүйцэт түрүүлэх гэх мэт үйлдлийг хийж, өөрийгөө болон хамт яваа зорчигчдийн амь нас эрүүл мэндийг эрслдэл оруулж байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та, өөрийн амь нас, эрүүл мэндийг эрсдлээс хамгаалж, Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж явах шаардлагатай байна. Мөн урин дулаан цаг эхэлсэнтэй холбоотой бага насны хүүхдүүд скүүтер болон цахилгаан дугуй унаж явах үедээ зам тээврийн осолд өртөх, бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Мөн сургууль орчмын бүсэд бага ангийн сургачид харгалзах хүнгүй зам хөндлөн гарахдаа зам тээврийн осолд орсон харамсалтай тохиолдлууд гарч байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналт сайжруулах, сургууль, багш, эцэг эхчүүд гурвалсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бага насны хүүхдийг гараас гарт өгч явуулах шаардлагатай байна. Эцэст нь зам хөндлөн гарах гээд зогсож байгаа хүүхэд бүрийг томчууд гараас нь хөтөлж, зам гаргаж байхыг уриалж байна гэж Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч В.Хосбаяр хэллээ.
Улсын хэмжээнд энэ оны эхний 4 сарын байдлаар 8,258 замын тээврийн осол бүртгэгдсэнээс нийслэлд 7,206, орон нутагт 1,052 нь бүртгэгджээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын эсрэг гэмт хэргийн улмаас нийслэлд 25, орон нутагт 60 хүн амь насаа алдсан бол эрүүл мэндээрээ хохирч гэмтсэн хүн нийслэлд 184, орон нутагт 140 бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд зам тээврийн осолд 186 хүүхэд өртсөн байна. Үүний 107 нь нийслэлд, 79 нь орон нутагт бүртгэгджээ. Ослын улмаас 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд амь насаа алдсан байна.
Гэмт хэргийн шинжтэй 616 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүнээс 550-г шалган шийдвэрлэж, 66 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж.
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 199 буюу 36.2 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 347 буюу 63.1 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 4 буюу 0.7 хувийг харъяаллын дагуу шилжүүлжээ.й.