Оросын эрдэмтэд цусан дахь сахарыг бууруулдаг хиам зохион бүтээжээ. Шинэ бүтээлийг энэ намар гэхэд үйлдвэрлэлд гаргана гэж К.А.Тимирязевын нэрэмжит Оросын хөдөө аж ахуйн улсын их сургууль МСХА-гийн Технологийн сургуулийн мал аж ахуйн бүтээгдэхүүний хадгалалт, боловсруулалтын технологийн тэнхимийн доцент Андрей Гурин мэдэгджээ.
“Туршилтаар 2-р хэлбэрийн чихрийн шижнээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хэрэглэдэг гипогликемикийн үйлдэлтэй ургамлын гаралтай эм бэлдмэлийг тодорхой хэмжэгээр нэмсэн хиам нь үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон. Шошны ишний хандыг жоронд нэмснээр түүнчлэн цусан дахь глюкозын түвшин буурдаг нь батлагдсан” хэмээн Андрей Гурин хэлжээ.
Үйлдвэрлэлд мах боловсруулах салбарын төлөөлөгчдийг татах юм байна. Эхний ээлжинд өдөрт 200 килограммыг үйлдвэрлэнэ. Дараа нь аажмаар үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэжээ.
“Орост хүнсний функциональ бүтээгдэхүүн хөгжүүлэх нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт сайнаар нөлөөлнө. Хиам нь чихрийн шижний урьтал үед болон 2-р хэлбэрийн үеийн хүмүүст эрэлт хэрэгцээ ихтэй байна. Манай бүтээгдэхүүний тусламжтайгаар эм бэлдмэлийн импортыг эрс бууруулах боломжтой” гэж А.Гурин үзжээ.
Функциональ хиамны үнэ энгийнээс огт ялгарахгүй бөгөөд 0,5 килограмм нь 400 рубль байх гэнэ.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан: Э.МАРТ