Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 88.4 хувьтай хэрэгжиж байгаа талаар Зам Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлж байна. Уг чиглэлийн төмөр замыг 2022 оны аравдугаар сард багтаан ашиглалтад оруулах талаар тус яамнаас танилцуулсан.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил 76.4 хувьтай явагдаж байна. Энэ оны долдугаар сард багтаан энэхүү төмөр замыг иж бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж буй талаар холбогдох албаныхан мэдээлсэн.
Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн төмөр замын ажлын явцын талаар сайд нар тогтмол мэдээлэл өгч байгаа. БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороотой хэлэлцээр үргэлжилж байна. Боомтын төмөр зам, шилжүүлэн ачуулах байгууламж, хөрөнгө оруулалт нүүрсний худалдаа зэрэг асуудлыг үе шаттайгаар цогцоор нь шийдвэрлэх юм” гэлээ.