Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийтийн хөл бөмбөг” төслийн хүрээнд зохион байгуулах “UB CUP 2022” тэмцээн энэ сарын 8-ны өдөр эхлэх юм . Үүнд зориулан талбай дээр хиймэл зүлэг дэвсжээ. Хиймэл зүлгэн дээр иргэд олноороо тухлан сууж, амарч байгааг харах таатай хэдий ч нөгөө талаараа ногоон байгууламж ямар их дутагдалтай байгааг хэлж өглөө. Хөлбөмбөгийн тэмцээнд зориулагдсан хиймэл ногоон зүлгэн дээр ийнхүү иргэд тухалсан нь заримд нь буруу ойлголт төрүүлж, шийдвэр гаргах түвшний хүмүүст эрх биш нэгийг бодогдуулсан биз ээ. Нийлэлчүүдэд ойрхон ногоон байгууламж ямар их өгүүлэгдэж байгааг хиймэл ногоон зүлэг хэлээд өглөө. Тиймээс дүүрэг бүр боломжтой талбайг зүлэгжүүлж, иргэд тухлах орчныг бүрдүүлэх ёстой юм байна гэдгийг эрх биш ухамсарлаа биз ээ.
Өрхийн нийгэм эдийн засгийн статуст ногоон байгууламж эерэг хамааралтай болохыг тэмдэглэсэн байдаг
Дэлхийн нийт хүн амын тал хувь нь хот суурин газар амьдардаг бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 68% – д хүрэх тооцоолол гарчээ. Хотжилт төвлөрөл бий болохын нэгэн сул тал бол хүрээлэн буй орчны доройтол юм. Байгаль орчинд ээлтэй хотжилтыг хэрэгжүүлэхийн тулд цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэг, замын хажуугийн мод бут, ургамал гэх мэт хотын ногоон байгууламжийг бий болгох, тогтвортой байлгах цогц төлөвлөлтийг хийх шаардлага бидний өмнө тулгараад байна.
Ногоон байгууламжийн хуваарилалт ба тэгш бус байдлын талаар хийсэн олон улсын эрдэмтэн, судлаачдын судалгаанд өрхийн нийгэм эдийн засгийн статуст ногоон байгууламж эерэг хамааралтай болохыг тэмдэглэсэн байдаг. Жишээлбэл, АНУ болон Хятад улсын хотуудад ногоон байгууламж, мод бутаар хүрээлэгдсэн хотхон, хорооллын үнэ цэн, эдийн засгийн үр өгөөж жилээс жилд нэмэгддэг байна.
Олон улсын стандартын дагуу нэг сая хүн амтай хот суурин газар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дунджаар 24м2 байдаг. Харин Монгол улсын хувьд “Хот байгуулалтын тухай хууль” – д буюу 12.6.3.төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх ёстой хэмээн хуульчилсан байдаг ч энэ үзүүлэлт 4-6м2 байдаг гэсэн тооцоолол бий.
Дэлхийн хотуудын ногоон байгууламж
The World Cities Culture Forumе – оос томоохон 34 хотыг оршин суугчид болон аялагчдад зориулсан цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид зориулагдсан нийт газар нутгийн хэмжээгээр эрэмбэлжээ. Энэхүү эрэмбээр Европын хотууд болох Варшав (17%), Лондон (33%), Ром (34.8%), Мадрид (35%), Стокгольм (40%) гэх үзүүлэлтүүд гарчээ. Харин Азийн орнуудаас орон зайн хувьд хязгаарлагдмал хэдий ч ухаалаг хот төлөвлөлтийн ачаар мега хотууд болох Хонконг (40%), Шенжень (45%), Сингапур (47%) хотууд олон нийтэд нээлттэй ногоон талбайг төлөвлөж чаджээ.
Уг эрэмбийг тэргүүлж хамгийн их ногоон байгууламж, нийтийн ногоон талбайг шийдсэнээр дараах хотууд эрэмбэлэгджээ.
Москва хот
- Нийт хүн ам: 5.7 сая
- Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хувь хэмжээ: 47%
Сингапур
- Нийт хүн ам: 5.7 сая
- Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хувь хэмжээ: 47%
Сидней хот
- Нийт хүн ам: 5.4 сая
- Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хувь хэмжээ: 46%
Вена хот
- Нийт хүн ам: 1.9 сая
- Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хувь хэмжээ: 45.5%
Шэнжэнь хот
- Нийт хүн ам: 12.59 сая
- Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хувь хэмжээ: 45%
Ийм хэмжээтэйгээр эхний байруудад эрэмбэлэгджээ. Харин дэлхийн томоохон хотууд болох Дубай (2%), Истамбул (2.2%), Мумбай (2.5%), Шанхай (2.8%), Тайпей (3.6%) зэрэг хотууд газар нутгийн хэмжээтэй харьцуулахад маш бага ногоон байгууламжийг барьж байгуулсан байна.
Манай орны хувьд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 онд 1.7 ам метр байсныг 2020 онд гурав дахин нэмэгдүүлж, 5.1 ам метр болгосон гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж байсан. Улаанбаатар хотын ногоон байгууламж нийтийн эзэмшил хэр хүртээмжтэй эсэхийг доорх зургаас харж болно.
Дэлхийн нийтээрээ нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч, улс орон бүр өөрийн мастер төлөвлөгөөндөө тусгах хэрэгцээ, шаардлага жилээс жилд улс орнуудын өмнө тулгараад байгааг мэдсээр харсаар байж үг дуугуй байсаар нүдэн дээрээ ихэнхи ногоон байгууламжуудаа нураалгаж хэдэн тэнгэр багаднасан чанаргүй барилгуудыг ар араасаа бариулж нөлөө бүхий томчуулын халаасийг түнтийлгэдэг нь гашуун үнэн. Хэзээ өөрсдийн үндсэн хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдлэж амьдрах вэ? Хэзээ бурууд дугарч сурах вэ? Хэзээ нийслэл шиг нийслэл болох вэ?
Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эрх баригчид PR-аар албан тушаалын карьераа тодорхойлох бус харин бодит амьдралд нийцсэн, тооцоо судалгаатай, хүн төвтэй санал санаачлага гарган, түүнийгээ ажил хэрэг болгох хэрэгтэй байна.
Ташрамд дуулгахад, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг дэлхийн стандартад 9 ам метр гэж заасан байдаг.
М.Ариунтуяа