ОХУ болон Украйны хооронд үүсээд буй нөхцөл байдал нь дэлхийн анхаарлын төвд байсаар байна. Олон Улсын ажиглагчид энэхүү үйл явдалтай холбоотой олон талын байр суурийг илэрхийлж, олон таамаг дэвшүүлсээр байгаа юм. Барууны орнууд В.Путины шийдвэрийг эсэргүүцэн хориг арга хэмжээ авч байгаа хэдийч ОХУ-ын зүгээс энэхүү хориг арга хэмжээний эсрэг шийдвэрүүдийг цаг тухай бүрт нь гаргаж байна.
Хамгийн сүүлд В.Путин найрсаг бус орнууд болон олон улсын байгууллагуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурсан байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг болон ОХУ-ын хориг арга хэмжээтэй холбоотой мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.
В.Путин “найрсаг бус” хандаж буй орнууд болон олон улсын байгууллагуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин /2022.05.03/ буюу мягмар гарагт тус улсад “Найрсаг бус” хандаж буй орнууд болон олон улсын байгууллагуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурсан талаар Ria Novosti, TASS, Reuters агентлагууд мэдээллээ.
Зарлигт: АНУ, Их Британи, Япон, Өмнөд Солонгос, Европын холбооны бүх гишүүн орнууд тэргүүтэй найрсаг бус орнуудын жагсаалтад багтсан орнуудад зарим нэр төрлийн түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглох. Хоригт багтсан барууны компаниудад бараа, материал нийлүүлэх гэрээг цуцлах. ОХУ-ын эсрэг найрсаг бус үйл ажиллагаа явуулсан хувь хүн, хуулийн этгээд, олон улсын байгууллагуудын гүйлгээг хаахаар заажээ.
Олон улсын ажиглагчид Кремлийн энэхүү шийдвэрийг барууны орнуудын хориг арга хэмжээний эсрэг өгч буй хамгийн хүчтэй цохилт гэж дүгнэжээ.
ОХУ-ын засгийн газар “найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалтыг гаргав
ОХУ-тай найрсаг бус харилцсан гадаадын улс орнуудын эсрэг хариу арга хэмжээ авах хуулинд Ерөнхийлөгч Владимир Путин /2021.04.23/ гарын үсэг зурсан байдаг.
Энэхүү хуулинд зааснаар ОХУ болон тус улсын иргэд, хуулийн этгээдүүдтэй найрсаг бус харилцсан гадаадын төр засгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газруудын эсрэг хориг арга хэмжээ авахаар тусгасан байна.
Уг жагсаалтад багтсан улс орон, газар нутагт АНУ, Канад, Европын Холбооны улсууд, Их Британи (Жэрси, Ангилла, Бритиш Виржиний арлууд, Гибралтар багтсан), Украин, Монтенегро, Швейцар, Албани, Андорра, Исланд, Лихтенштейн, Монако, Норвеги, Сан Марино, Умард Македон, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Микронез, Шинэ Зеланд, Сингапур, Тайвань орж байна.
Эдгээр улсууд Оросын зэвсэгт хүчин Украинд “тусгай ажиллагаа” явуулж эхэлснээс хойш ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг зарласан, хоригт нэгдсэн гэдэг үндэслэлээр “найрсаг бус харилцаатай” орнуудын жагсаалтад багтсаныг Москвагийн эрх баригчид тайлбарлажээ.
Авах арга хэмжээний хувьд төрөл бүрийн хоригоос эхлээд нутаг дэвсгэрээсээ хөөх, үйл ажиллагааг нь хориглох хүртэл арга хэмжээ авахаар заажээ. Түүнчлэн Москватай найрсаг бус харилцаатай ОХУ дахь гадаадын элч төлөөлөгч, дипломат байгууллагуудад ажиллах хүн хүчний тоонд хязгаар тогтоох аж.
ЕХ-ны албан тушаалтнуудын визийн хөнгөлөлтийг түр зогсоох тухай хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европын Холбоо (ЕХ) болон найрсаг бус хэд хэдэн орны албан тушаалтнуудын визийн хөнгөлөлтийг түр зогсоох тухай хуульд гарын үсэг зуржээ.
Уг хуульд ОХУ болон ЕХ-ны иргэдэд хялбаршуулсан журмаар виз олгох тухай тус холбоотой байгуулсан хэлэлцээрийн заалтуудын хэрэгжилтийг түр зогсоох тухай тусгажээ. Үүнээс гадна, ОХУ-ын Засгийн газар болон Дани, Норвеги, Лихтенштейн, Исландын Засгийн газар хооронд байгуулсан визийг хөнгөвчлөх хэлэлцээрт, мөн Швейцарын Холбооны Зөвлөлтэй хийсэн хэлэлцээрт өөрчлөлт оруулсан байна.
Гарын үсэг зурсан баримт бичигт албан ёсны төлөөлөгчид, сэтгүүлчдэд нэг жилийн хугацаатай олон удаагийн виз олгох, үндэсний болон бүс нутгийн засгийн газар, парламент, шүүхийн гишүүдэд таван жилийн хугацаатай олон удаагийн виз олгох, бичиг баримт бүрдүүлэх хялбаршуулсан журмыг хүчингүй болгожээ. Түүнчлэн албан ёсны төлөөлөгчид, засгийн газар, парламентын гишүүдийг визийн хураамжаас чөлөөлөх, дипломат паспорт эзэмшигчдийг визгүй зорчих эрхийг цуцалсан байна.
Эдгээр заалтыг бүрэн цуцлах тухай биш харин түр зогсоож байгааг онцолжээ.
Орос орон даяар сурагчдад ОХУ-ын эсрэг хоригийн тухай хичээл орно
Оросын Гэгээрлийн яам орон даяар “Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээ ба түүний эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл” сэдвээр сургуулиудад хичээл орох чиглэл өгчээ.
“ОХУ-ын бүх сургуулийн 6-9, 10-11 дүгээр ангиудад нийгэм судлалын хичээлээр “Оросын эсрэг хориг, түүний эх орны эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл” сэдвээр хичээл оруулах арга зүйн зөвлөмж хүргүүлсэн.
Уг хичээлээр найрсаг бус улс орнуудаас тавьсан хориг арга хэмжээг эсэргүүцэн, ОХУ-ын Засгийн газар болон Ерөнхийлөгчийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сурагчдад танилцуулах болно” гэж Гэгээрлийн яамнаас мэдээлсэн байдаг.
“Найрсаг бус орнууд”-д зөвхөн рублиэр байгалийн хий нийлүүлнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын хуралдаанд оролцох үеэрээ “найрсаг бус орнууд”-ын жагсаалтад багтсан улсуудтай байгалийн хийн төлбөр тооцоог ам.доллар, еврогоор хийхээс татгалзаж, зөвхөн рублиэр төлбөр хийнэ гэж мэдэгдэсэн.
Энэ нь ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт, үнэд ямар нэгэн өөрчлөлт, хориг, хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд улс орнуудтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхээ дахин илэрхийлж байсан юм.
2 comments
Зөв
Хааахаха