Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдоод буй дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-ын түвшинд яригдсан ч шийдэгдээгүй. Тэгвэл тэднийг ийнхүү түдгэлзүүлэхгүй авч үлдсэн асуудал нь эргээд нийгэмдээ буруу жишиг тогтоож байгаа талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн гуравдугаар албаны дарга Ч.Жаргалбаатар иргэн хүнийхээ хувьд шүүмжилсэн байна.
АТГ-аас Хөгжлийн банк нэр нөлөө бүхий албан тушаалтнууд эрх бүхий этгээдүүд зээл олгохдоо аж ахуй нэгжид давуу байдал олгосон, аж ахуй нэгжийн албан тушаалтнууд авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан, зээл авахдаа нэр бүхий албан тушаалтнуудад хахууль өгсөн хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нийтдээ 33 хэрэгт мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаагаас 42 хүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байна. Гэхдээ энэ нь эцсийн байдлаар ийнхүү шалгаж байгаа асуудал биш бөгөөд шалгалтын явцад яллагдагчаар татагдаж байгаа хүний тоо нэмэгдэж байгаа тухай Ч.Жаргалбаатар дарга яриандаа онцолсон байна.
Одоогийн байдлаар яллагдагчаар татагдаад байгаа 42 хүний дунд аж ахуй нэгжийн албан тушаалтан 18, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан 18, Улстөрд нөлөө бүхий 6 хүн байгаа аж.
Хөгжлийн банктай холбоотой хэрэг удааширч байгаа шалтгааныг улс төрийн нөлөө бүхий ялангуяа хуулиар халдашгүй байдал тогтоогдсон хүмүүстэй холбоон АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн 3-р албаны дарга Ч.Жаргалбаатар тайлбарласан байна.
Тус газраас прокурорын байгууллагад хүсэлт өгсний дагуу нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УПЕГ-аас УИХ-д тавьсан байна. Харин энэ асуудал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр байнгын хороо, УИХ-аар хэлэлцэгдээд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан юм.
УИХ ийнхүү дөрвөн гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй авч үлдсэн нь эргээд нийгэмдээ буруу жишиг тогтоож байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг удаашруулж, үзлэг нэгжлэг хийх, нотлох баримт гаргаж авах боломжийг хааж байгаа аж. Энэ тухай Ч.Жаргалбаатар “Улс төрийн нөлөө бүхий, ялангуяа хуулиар халдашгүй байдал тогтоогдсон хүмүүстэй холбоотой асуудлаас болж, мөрдөн шалгах ажил удааширч, саатаж байгаа. Үүнийг бид прокурорын байгууллагад танилцуулахад нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавьсан. Үзлэг нэгжлэг хийх боломжгүй болчхоод, нотлох баримтууд гаргаж авч болохгүй байгаа учраас бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавьсан. Харин УИХ татгалзлаа. Энэ бол буруу жишиг, шударга ёсыг алдагдуулж байна” хэмээн ярив.
Ямартай ч УИХ-ын шийдвэрээс болж Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод буй зарим хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаа удаашрах, гацаанд орох хэмжээнд хүрсэн байна. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хязгаарлагдмал хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж болох аж. Харамсалтай нь нотлох баримт дутуу бүрдүүлнэ, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр нөлөө буурч ял завших нөхцөл бүрдэж болзошгүй юм байна. Тиймээс аль болох бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгавал, уг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд бүрэн явагдах юм байна.
Тиймээс АТГ-аас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эрх бүхий байгууллагад уламжлах саналыг дахин гаргана гэж АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн гуравдугаар албаны дарга Ч.Жаргалбаатар хэллээ.
Тэрбээр “Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулахын тулд нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эрх бүхий байгууллагад уламжлах саналаа бид гаргана. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байгууллага санал гаргадаг эрх зүйн зохицуулалттай байгаа” гэж хэлсэн юм.
Н.Чинзориг
2 comments
Чадахгүй ш дээ.
Коммунизм мандтугай!!!
МАН дахин хамгаалж тэнэгтвэл ард түмэн босох болно. Ингэж хэтэрхий даварч хэрэггүй шүү. Ард түмнийг нэг их хүлцэнгүй ноомой гэж битгий бодоорой.