Энэтхэгт 70 настай нэгэн эмэгтэй үр шилжүүлэн суулгах замаар хүүтэй болжээ. Энэ хүү нь 40 гаруй жилийн турш үр хүүхэдтэй болохыг мөрөөдсөн хосын хувьд анхны хүүхэд юм байна. 70 настай Живунбен Рабари, түүний нөхөр 75 настай Мальдхари нар 45 жилийн турш хамт амьдарч байна.
Энэ бүх хугацаанд тэд үр хүүхэдтэй болох гэсэн ч амжилт олоогүй аж. Ингээд олон жилийн амжилтгүй оролдлогын эцэст нөхөн үржихүйн туслах технологийг ашиглахаар шийдвэрлэжээ. “Тэднийг анх бидэн дээр ирэхэд бид тэднийг өндөр настай болохоор хүүхэд төрүүлэх боломжгүй гэж хэлсэн.
Гэтэл гэр бүлийнх нь олон хүн ийм аргаар хүүхэдтэй болсон гэж зүтгээд л байсан. Энэ бол миний амьдралдаа харж байсан хамгийн ховор тохиолдлуудын нэг” хэмээн Нареш Бханушали эмч хэлжээ. Энэ хос бичиг үсэггүй бөгөөд Гужарат мужийн Кемора хэмээх алслагдсан тосгонд аж төрдөг байна.
Өндөр настан эмэгтэй өөрийнхөө насыг батлах бичиг баримтгүй ч 70 настай гэжээ. Орон нутгийн хэвлэлүүд ч түүний насыг баталсан байна.