Өвөрхангай /МОНЦАМЭ/. Халдварт болон халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн үзлэг эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчлөл хариуцсан мэргэжилтэн Ц.Сонинбаяртай ярилцлаа.

-Нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг Өвөрхангай аймагт хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Ажлын баг байгуулан ажиллаж байна. Мөн аймгийн Эрүүл мэндийн газраас баг томилж, урвалж, багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийн судалгааг нарийвчлан гаргаад шаардлагатай урвалж, төхөөрөмжийн тооцооллыг Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийг зохицуулах газар, холбогдох байгууллагуудад явуулсан.

Өрх, сумын Эрүүл мэндийн төв, Лавлагаа шатны эмнэлэгт бүр дээр нарийн зохицуулалтыг хийж байгаа. Энэ тооцооллын дагуу энэ жилийн хувьд  5 дугаар сарын 1-нээс он дуустал хүн амынхаа 40 хувийг үзлэг, шинжилгээнд хамруулах боломжтой юм байна гэж төлөвлөсөн.

Ингээд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог зохион байгуулах календарчилсан төлөвлөгөөг гаргаад өнөөдөр сум, багийн түвшинд үзлэгээ хийж эхлээд байна.

17 хүртэлх насны хүүхдийг харьяа сум, өрхийн Эрүүл мэндийн төвд үзлэгт хамруулна. Ингэхдээ 0-5 нас, 6-17 насны ангиллаар багцын шинжилгээнд хамрагдах юм. Насанд хүрэгчид 18-30, 31-45, 46-60, 61+ насны багцаар Лавлагаа шатны эмнэлэгт үзлэгт хамрагдана. Багцын үзлэгүүд өөр өөр байгаа.

-Лавлагаа шатны эмнэлэгт аль эмнэлгүүд орж байгаа вэ, иргэд үзлэг оношилгоонд ямар байдлаар хамрагдах вэ?

-Лавлагаа шатны эмнэлэг буюу Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, ­­­Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, Ачтан-Ирээдүй, Ариунсанаа, Чинмэнд эмнэлгүүдэд эрт илрүүлгийн үзлэг оношилгоог хийнэ.

Иргэд маань дуртай өдрөө ирээд үзлэгт хамрагдах боломжгүй. Учир нь ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс маш нарийн зохицуулалтыг хийсэн байгаа. Харьяа сум, өрхийн анхан шатны эрүүл мэндийн байгууллага, баг хорооноос танд утсаар, цаасаар, цахимаар эсвэл биеэр урилга хүргүүлж, мэдээллийг өгсний дараа хувийн бэлтгэлээ хангаад хуваарьт эмнэлэгт очно.

Лавлагаа шатны эмнэлгийг иргэн өөрөө сонгож болох ч зарим эмнэлэгт дуран байхгүй, заримд нь рентген төхөөрөмж байхгүй учраас зохицуулалт хийх шаардлага гарч байгаа. Жишээ нь өнөөдөр аль эмнэлэгт ямар чиглэлээр үзлэг хийх боломжтойг сум, өрхийн эмнэлэгт хүргүүлж, тухайн эмнэлгээс лавлагаа шатны эмнэлэгтэй холбогдон хэдэн хүн авах боломжтойг тодруулаад багийн иргэдээ явуулах гэх мэтчилэн маш нарийн уялдаа холбоотой ажиллах шаардлага үүсэж байна. Эдгээр эмнэлгүүдэд эмч нарын болон тоног төхөөрөмжийн сул зогсолт хийхгүйгээр нөөц боломжоо бүрэн ашиглаж ажиллахыг зорьж байгаа.

-Иргэд хувийн бэлтгэл хангахдаа юуг анхаарах ёстой вэ?

-Сумын болон өрхийн Эрүүл мэндийн төвөөс урилга очсон иргэн лавлагаа шатны эмнэлэгт хувийн бэлтгэлээ хангаж ирнэ. Нэгдүгээрт 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн байх ёстой. Үүнийг оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын хэлтсээс болон E Mongolia цахим сайтаас шалгаж болно. Хэрэв аль нэг сард даатгалаа төлөөгүй тасарсан байвал Нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод нөхөн төлөх боломжтой, эсвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим сайт болон E Mongolia цахимыг ашиглаад төлж болно.

Дараа нь үзлэг, оношилгоондоо өөрийн биеэ бэлдэнэ. Савныхаа эрүүл ахуй, ариун цэврийг хангаж, асгасан цутгасан байдалтай авчирч өгч болохгүй.

Дурангийн шинжилгээ өгөхөөр бол өмнөх өдрийнхөө 18.00 цагаас хойш хоолоо сойно. Өглөө нь юм ууж, идэхгүйгээр өлөн ирнэ. Ууж, идсэн тохиолдолд огих, эсвэл дурандах хэсэг харагдахгүй байх гэх мэт хүндрэл үүсдэг.

Нийт иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө маш их төсөв хөрөнгө зарж, улс орон даяар зохион байгуулж буй энэ ажил олон талын хүчин чармайлтаар амжилттай явагдана гэдгийг хаа хаанаа ойлгож ухамсарлах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд тоног төхөөрөмж, хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, нөгөө талаас иргэд өөрсдийн эрүүл мэндийн төлөө хичээл зүтгэл гаргах шаардлагатай юм. Мөн  салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагаа их чухал байгаа.

-Эрүүл мэндийн байгууллагаас аль багцад хамаарах иргэд рүү түлхүү анхаарч ажиллах вэ?

-Бүх багц дээр үзлэг, оношилгоог төлөвлөгөө ёсоор явуулна. Гэхдээ хичээл, сургууль амрахаас өмнө 5, 6 дугаар сард 5 хүртэлх нас, 6-17 насны хүүхдийн үзлэгийг нэлээн шахаж явна гэсэн зорилттой байгаа. Хичээлийн зуны амралтаар хүүхдүүд хөдөө явчихдаг учраас 7, 8 дугаар сард хамрагдалт цөөн байх болов уу гэж тооцоолж байгаа юм. Дараагийн ээлжинд хүн амын хөдөлгөөнт бүлэг буюу 18-30 нас, 31-45 насныхан руу гол анхаарлаа хандуулна. Энэ бүлгийнхэнд оюутан, залуусаас гадна гэр орноосоо хол газар ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс багтдаг учраас мэдээлэл, сурталчилгаагаа энэ насныхан руу илүү чиглүүлнэ. 46-аас дээш насныхан эрүүл мэндийн үзлэгт харьцангүй тогтмол хамрагддаг учраас урилгынхаа дагуу идэвхтэй хамрагдаад явах болов уу гэж үзэж байна.

-Хүүхдийн үзлэгт анхаарах зүйл юу байгаа вэ?

-Өмнөх жилүүдэд багцын шинжилгээ хийгддэг байсан ч үүнд хүүхдийн багц ордоггүй байсан. Энэ удаа хүүхдүүд 0-5 нас, 6-17 насны багцаар сум, өрхийн Эрүүл мэндийн төвдөө үзлэгт хамрагдана гэдгийг би дээр хэлсэн. Хүүхдүүдийн үзлэгт нэг анхаарах зүйл бий.

Хүүхдүүдийг бид эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг үзлэг, шинжилгээнд хамруулахгүй. Өөрөөр хэлвэл тухайн хүүхдийг үзлэгт хамруулахад аав юмуу, ээж нь эсвэл асран хамгаалагч нь хамт байна гэсэн үг. Яагаад гэвэл багцын үзлэгт сэтгэц, зан үйлийн асуумжууд байгаа учраас эцэг, эхийн хяналт дор асуух юм.

Нөгөө талаас сургууль, цэцэрлэг дээр нь нэгдсэн байдлаар үзлэгт хамруулахаар дараа нь “Эцэг, эхийн зөвшөөрөлгүй үзлэг хийсэн, олон хүүхдийн дунд манай хүүхдийг илүүдэл жинтэй гэж хэлснээс болж хүүхдүүд тарган гэж шоолоод байна, хараа нь муу гэж хэлснээс болж, сохор гэж шоолоод байна” гэх мэтчилэн асуудал үүсдэг. Тийм болохоор эцэг, эхчүүд маань хүүхдүүдээ эрт илрүүлгийн үзлэгт хамруулахдаа өөрийн биеэр ирж, хамт байлцаарай гэдгийг онцгойлон хэлье. Энэ бол танай хүүхдийг сэтгэц зан үйлийн хувьд, бие бялдрын хөгжлийн хувьд ямар түвшинд байгааг, ямар эрсдэлд орж болзошгүйг илрүүлж байгаа чухал арга хэмжээ юм.

Хүүхэд багадаа үзлэг, шинжилгээнд хамрагдаагүйгээс болж, насанд хүрсэн хойноо хүнд өвчлөлтэй нүүр тулах үе ирдэг. Хэрэв бага насандаа эрт илрүүлэгт хамрагдсан бол эрүүл мэндийн хүнд асуудалд орохгүй гэдгийг маш сайн ухамсарлаарай гэж эцэг, эхчүүддээ уриалмаар байна.

-Урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр амбулаторийн үзлэгийг яаж зохицуулах вэ?

-Эрүүл мэндийн ердийн, үндсэн тусламжийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Үндсэн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйгээр урьдчилан сэргийлэх үзлэгээ хийнэ. Эрүүл мэндийн асуудал үүссэн, өвчнөө оношлуулах шаардлага гарсан нөхцөлд урьдын журмаар аль ч эрүүл мэндийн байгууллагад хандах боломжтой. Сум, өрхийн эмнэлгүүдийн түвшинд ч гэсэн хүүхдийн багцын үзлэгийн зэрэгцээ харьяа иргэдийнхээ үзлэгийг хийгээд л явна. Хүүхдийн вакцинжуулалтыг хийдгээрээ л хийнэ.

-Хүний нөөцийн хувьд их л ачаалалтай байх бололтой. Эмч, сувилагчдын хүрэлцээ хангамж хэр байгаа вэ?

-Энэ бол ганц эрүүл мэндийн байгууллагуудын хийх ажил биш. Бүх шатны төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал.

Сумын ЗДТГ, багийн Ажлын албанаас харьяа хүмүүсээ үзлэгт хамруулах, эрт илрүүлгийн үзлэгийн ач холбогдлыг таниулах ажлыг хариуцна. Ажлын багаас анхан шатны болон лавлагаа шатны эмнэлгийнхэнтэйгээ олон удаагийн уулзалт хийж, зохицуулалтын талаар багагүй ярилцсан. Ажлын баг эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн даатгалын хэлтэс, сумдын Засаг дарга нарыг оруулсан байгаа. Мэдээж, төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжихгүй, ямар нэг асуудал гарч болох ч бид тухайн үед зохицуулалтыг хийгээд явна. Эрт илрүүлгийн үзлэг оношилгоог бүтэн жилийн турш явуулах учраас иргэд маань яарч сандралгүйгээр товлосон цаг хугацаандаа багцын шинжилгээндээ бүрэн хамрагдахыг уриалья.

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн