Ирээдүйн нийгэм буюу хиймэл оюун ухаантнуудтай мөр зэрэгцэн ажиллаж амьдрах бидний хүүхдүүдийн алдаж болохгүй үнэт зүйл нь тэдний сэтгэл зүрхний боловсрол.
Өөрөөр хэлбэл өөрийн сэтгэл хөдлөлөө зөв зохистой илэрхийлэх, хянах, бусдын сэтгэл хөдлөлийг таних, хариу үзүүлэх, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, ойлгох чадвар юм.
1. Хүний хамгийн анхны сэтгэл хөдлөл УЙЛАХ
Хүүхэд өөрт ямар нэг зүйл хэрэгтэй эсвэл таагүй байгаагаа илэрхийлэхдээ уйлдаг. Тухайлбал: Өлсөх, даарах, халууцах, нойр нь хүрэх, хуурайлуулахыг хүсэх, таагүй орчинд байгаагаа илэрхийлэхдээ УЙЛДАГ.
Тиймээс хүүхдийг уйлах үед түүнтэй ярилцаж, зүрхэн талдаа тэврэн тайвшруулж байгаарай. Ингэснээр хүүхдэд итгэх харилцаа бий болдог.
2. Хийж буй үйлдлээрээ сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Иймээс та хүүхдийнхээ гаргаж буй үйлдлийг сайн ажиглаж энэхүү үйлдлийн цаана байгаа сэтгэл хөдлөлийг тайлахыг хичээгээрэй.
Тухайлбал: Ойр зуурын юм авч шидлэх, хаалга савах, дуугаа хураах, гэнэт огцом чанга дуугарах, цаасан дээр сараачих гэх мэт ойлгомжгүй үйлдэл гаргах үеийг нь сайн ажиглаарай. “Юу болчихоов, яачихав, юу болсон гэж уурлаад байгаа юм” гэх мэт мждрэмжийг нь үгүйсгэсэн байдлаар харилцахаас илүүтэй “оройн хоол таалагдсангүй юу, найзууд нь гомдоогоод байна уу, ээждээ уур нь хүрсэн үү, хийж чадахгүй зүйл гарсан уу, туслах уу, сэтгэлд чинь хэн шуурга дэгдээгээд байна” гэх мэт мэдрэмжээ илэрхийлж болохуйц нээлттэй асуултыг тайвнаар асуугаарай.
3. Ойлгох
Хүн, харилцаж буй хүн нь өөртэй нь ижил санаа бодолтой байгааг мэдрэх үедээ тайвширдаг.
Тиймээс аль болох нөхцөл байдлыг ойлгон хүлээн зөвшөөрч байгаагаар харилцаарай. Тухайлбал “үнэхээр найзууд хамт тоглоогүй бол би ч бас гомдоно”, “тоглож байхад булаагаад авчих юм бол миний ч бас уур хүрнэ шүү дээ” гэхчлэн сэтгэл хөдлөлийг нь хүлээн авч ойлгож буйгаа илэрхийлсний дараагаар арга замыг хэлж өгөөрэй. Шууд шийдвэрлэх, зөвлөгөө өгөх эсвэл үгүйсгэх аргууд тохиромжгүй.
4. Сэтгэл хөдлөлөө таних аргад суралцуулах
Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлж чадахгүй бол үзэгдэл, үйл явдлаар төлөөлүүлэн нэрлэхэд тохиромжтой байдаг. Тухайлбал: “өнөөдөр миний сэтгэлд шуурга шуурч байна, бороотой өдөр мэт бүрхэг байна, гал дүрэлзэж байна” гэх зэргээр эхлээд та хүүхдэдээ өөрийн сэтгэл хөдлөлөө ийнхүү зүйрлэлээр нэрлэн тайлбарлаж өгөөрэй.
5. Хэт их дүрэм журам, дэгийг баримтлуулах гэж оролдох, өөрийн үгээр байлгах, өмнөөс нь сонголт хийх шийдвэр гаргах зэрэг нь хүүхэд ӨӨРИЙГӨӨ ТАНИХ, ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ, ӨӨРИЙГӨӨ СЭДЭЛЖҮҮЛЭХ, БУСДЫГ ОЙЛГОХ, БУСАДТАЙ ХАРИЛЦАХ гэсэн хамгийн үнэтэй чанарыг нь үгүй хийдэг.
Тиймээс хүүхдээ сэтгэл хөдлөлөө сайн удирдаж сураасай хэмээн хүсэж байвал хүүхдээ өөрөө асуудлыг шийдэх аргыг сонгоход нь туслаарай. Тухайлбал; “Чамд ямар санагдаж байна, чи өөрөө юу гэж бодож байна, чиний бодлоор зөв зүйл үү, өөр ямар арга байна” гэх мэт сонголт өгсөн байдлаар ярилцаж байгаарай.
Г. Төмөрзаяа (Боловсрол судлаач, багш)
Б.Мягмарсүрэн (Сэтгэл судлаач, багш)