Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарын хамт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын 120 гаруй компанийн төлөөлөлтэй өглөөний уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёр жилд Монгол Улс төдийгүй дэлхий дахинд амаргүй сорилтууд тулгарч, эдийн засгийн хүндхэн цаг үеийг туулж байгааг онцлоод хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах хүрээнд тэргүүлэх чиглэлийн нэг болох аялал жуулчлалын салбарт Засгийн газраас ирэх хоёр жилд онцгой анхаарахаа илэрхийллээ. Мөн аялал жуулчлалын салбарт төрөөс хэрэгжүүлж буй ажлууд, бодит нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл, хэтийн төлвийн талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд зогсонги байдалд орж, орлого нь огцом буурч бодит хохирол амссанаас аялал жуулчлалын салбарт төр, засгийн дэмжлэг нэн шаардлагатай болсныг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байлаа. Монголын аялал жуулчлалын салбар дулааны улиралд сэргэдэг онцлогтой. Энэ удаад Засгийн газрын гишүүд тодорхой үр дүн, шийдэл гаргахаар уулзаж байгаад аж ахуйн нэгжүүд ч талархаж буйгаа илэрхийлж байв.
2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ий 7.2 хувьтай тэнцэх мөнгөн урсгал эргэлдэж байсан энэ салбар хоёр жил гацсанаар зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн хэмжээнд салбарын орлого 70 гаруй хувиар унасан. Одоо л сэргэх хандлага ажиглагдаж буй. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногоос эхлэн Засгийн газрын хурал бүрийн эхний нэг цагийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон аялал жуулчлалын салбарын асуудалд зориулахаар болсныг дуулгалаа. Мөн тэрбээр, “Аялал жуулчлал бол салангид ганц салбар биш. Соёл, гадаад харилцаа, цаашилбал замын цагдаа, нийслэлийн түгжрэл, хөдөөгийн зам, ТҮЦ-ийн болон “Нарантуул”-ын худалдаа эрхлэгчид хүртэл энэ салбарт хамаатай.
Олон хүнд өгөөж нь очдог экспортын салбар. Энэ салбар өнгөрсөн хоёр жил хэвтэрт орсон. Ирэх хоёр жилд Засгийн газар бүх чадлаараа дэмжээд босгож ирнэ. Татвартай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж байгааг болиулж, ирэх долоо хоногт багтаан Сангийн яам хаалттай байгаа бүх дансыг он дуустал үе шаттай шийдвэрлэнэ. Франкфуртын нислэгийн тухайд МИАТ энэ жил алдагдлаа хоёрдугаарт тавиад нислэгийн тоог нь нэмэгдүүлж, тасалбарын үнийг буулгах асуудлыг ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. НӨАТ-ын систем, татварын урамшууллын тухайд Монголоос гарах үед нь гадаадын жуулчдад тодорхой хувийн буцаан олголт өгдөг болох асуудлыг Сангийн яам судалж үзэхээр боллоо. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад 500 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн зөрүүнд төрөөс татаас өгөх, жуулчдад “Ковид-19”-ын шинжилгээ, вакцинжуулалт хийх тусгай үйлчилгээг нийслэлийн 4-5 том эмнэлэгт нэгдсэн байдлаар зохион байгуулах бүрэн боломжтой.” гэлээ. Дэлхий дахинд аялал жуулчлалын салбар сэргэх хандлагатай болсон энэ цаг үед Монгол Улсын хувьд ч төр, хувийн хэвшил хамтраад энэ салбараа босгож ирэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үгийнхээ төгсгөлд онцоллоо.