Парламент сөрөг хүчингүй байгаа учраас эрх баригчид дураараа дурьгаж, дунд чөмгөөрөө жиргэж байна гэж хүн бүр л шүүмжилж байна. Уг нь сөрөг хүчин байгаа л даа. Гэхдээ тэд дэндүү мөлгөр. АН-д чуулганы хуралдаан дээр тооцоо судалгаатай, дорвитой үг хэлдэг ганц нэг л гишүүн байна. Бусад нь ч хэрэг алга, улстөржихөөс цаашгүй. За АН-ын бүлгийн дарга Д.Ганболдын талаар яриад ч хэрэггүй. Сүүлийн үед ярьж байгаа нь ойлгогдохгүй болсон байна лээ. Хий л уурсаж, ундууцаж, үглэхээс цаашгүй.

Харин ХҮНамын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Төрийн хэмнэлтийн тухай хууль дээр овоо дорвитой, сөрөг хүчин шиг үг хэлчихнэ билээ шүү. Тэр нэлээн ууртайгаар УИХ-ын гишүүдийнхээ эдийн засгийн мэдлэггүйг “гайхширч” ажил хэрэгч биш, мэдлэггүй, мэдээлэлгүй хэмээн ундууцав. Түүний өчигдрийн чуулганы хуралдаан дээр хэлсэн үг, үйлдэл сошиал орчинд олны анхаарлын төвд байна.

Тэрбээр “Хэмнэлтийн бодлого гэж оруулж ирсэн бол хэмнэсэн шиг хэмнэх л хэрэгтэй шүү дээ. Оруулж ирсэн хэмнэх заалтуудаа дэмжихгүй байна. Тэгээд юугаа хэмнэсэн гэж хэлж байна вэ. Гишүүд хот, хөдөөгөөрөө хуваагдаад үр дүнд нь хэмнэлт байхгүй боллоо. Ингээд хамгийн том татвар төлөгч нь төр, хамгийн сайн бизнес хийдэг нь төр, төрөөс л тендер авдаг ийм хөгийн хойд Солонгосын системд орчихоод тэрийгээ алга ташин дэмжээд байх юм. УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй.

Тойргийн төсвөөсөө гарч, яаж бодлого ярьдаг парламенттай болъё доо гэж байхад жорлон яриад байх юм. Агуулга, бодлогоо ойлгохгүй. Эдийн засгийн онолоо судал л даа. Олон улсын түвшинг судалж та нар шийдвэрээ гарга л даа. Олуулаа сууж байгаад л дэмжье, унагаая гээд явчих юм. Уучлаарай, би бүх саналуудаа татаж авлаа. Наад хэмнэлтийн бодлого чинь хэрэгжихгүй юм байна. Баг болж байгаад л гол заалтуудаа унагаагаад байдаг. Зарчмаа ойлгохгүй, ийм ажил хэрэгч биш мэдлэггүй, мэдээлэлгүй байж болохгүй шүү дээ” хэмээн байр сууриа бухимдангуй илэрхийлээд чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарсан юм.

Б.Ирээдүй

By updown

One thought on “Доржханд “догшин” байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн