УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.04.27/ хуралдаан 09.26 цагт эхэлж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд А.Ариунзаяа танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шатгай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгасныг сайд онцолсон.
Тэрбээр, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно гэлээ.
Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулав.
Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн Д.Батлут, Тендер нь зарлагдаад гэрээ байгуулаад эхлэх гэж байсан ажлын хөрөнгө оруулалтыг хассан нь ямар учиртай юм бэ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь зөв ч хот, хөдөөгийн хүүхэд гэж ялгаж болохгүй гэлээ. Нэг сая төгрөгөөс доош орлоготой иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгоно гэж байна. Нэг сая төгрөгийн орлоготой хүнд 47 орчим мянган төгрөгийг буцаан олгох нь. Энэ нь амьдралд дэмжлэг болж чадах уу гэж асуусан. Тэрбээр нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгохоос илүүтэй, уг шимтгэлийг бууруулахад анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаалт Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын харилцаатай холбоогүй. Улсын төсвөөс бага орлоготой иргэдэд үзүүлж байгаа богино хугацааны дэмжлэгийн арга хэмжээ юм. Цаашид нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх шаардлага үүсээд байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Шимтгэлийг бууруулахаас илүү хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжүүлнэ гэсэн бодлогыг баримтлан ажиллаж байгаа гэсэн хариултыг өгсөн.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Төсвийн хөрөнгө оруулалтын тухайд хэмнэлтийн хэд хэдэн зарчмыг барьсан. Эхнийх нь нэн шаардлагатай биш төслүүдийн хөрөнгө оруулалтыг хэмнэх. Үүнд оффисын барилга, наадмын талбай, спорт заал, усан бассейн, оффисын тоног төхөөрөмж, их засвар, орон нутгийн тохижилт, нийтийн эзэмшлийн зам талбай гээд нийтдээ 91 төслийн 101.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэн шаардлагатай биш гэж үзээд хэмнэхээр оруулж ирсэн. Мөн ажлын явц, гүйцэтгэлтэй нь уялдуулан энэ онд ашиглалтад орох боломжгүй зарим төслийн санхүүжилтийг хойшлуулах арга хэмжээ авсан. Үүнд 338 төслийн 415.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хойшлуулан ирэх он руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийлээд хөрөнгө оруулалтаас 516.9 тэрбум төгрөгийг төсвийн тодотгол дээр хэмнэхээр оруулж ирсэн.
Нийслэл хотын 57 хэсэгт цэцэрлэгийн хүртээмж хүндрэлтэй байгаа учир хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар ярилцаад эхний ээлжинд Улаанбаатарт 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Яамнаас орон нутагт хүртээмж харьцангуй гайгүй гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс эхний ээлжинд нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдээд, орон нутагт үе шаттайгаар шийдвэрлэнэ гэсэн мэдээллийг өглөө.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хэмнэх нь зөв боловч, орлого нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг онцолж байлаа.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Үргэлжлүүлээд Тогтоолд нэмэлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Уг тогтоолоор УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Э.Батшугарыг нэмсэн юм.
Мөн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонслоо.
Ажлын хэсгийн мэдээллийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулав.
Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газраас УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас өгсөн үүргийн хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021”, “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021”, “Улаанбаатар түншлэл-2021” зэрэг нэгдсэн арга хэмжээнээс гадна олон улсын форум, үзэсгэлэн арга хэмжээг цахимаар болон танхимаар зохион байгуулж, давхардсан тоогоор 570 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцож, гурван тэрбум орчим төгрөгийн борлуулалт гэлээ.
Орон нутгийн уул уурхайн компаниудад нийлүүлж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хооронд туршлага солилцуулах зорилгоор уул уурхайн компаниуд болон бизнес эрхлэгчдийн хамтарсан уулзалтыг хоёрдугаар сард Канад улсын “Мerit” төсөлтэй хамтран зохион байгуулжээ. Уг уулзалтад таван аймаг дахь уул уурхайн компаниуд, аймгуудын Хүнс, хөдөө, аж ахуйн газрын төлөөлөл оролцсон байна. Уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийн туршлага хуваалцах уулзалтыг гуравдугаар сард мөн төсөлтэй хамтран зохион байгуулсныг мөн дурдлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.14-т “Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу уул уурхайн томоохон компаниудын худалдан авалтад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр нэр бүхий 14 уул уурхайн үйлдвэр эрхлэгчдэд хамтран ажиллах тухай албан тоот хүргүүлсэн гэж мэдээллээ. Уг ажлын хүрээнд “Оюу толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХХК зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзалт хийжээ.
Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжилт олгох хуваарь болон зээл олгох салбар чиглэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар батлуулахаар ажиллаж байна гэлээ.
Кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг тухайн орон нутаг дахь түүхий эдийн болон ажиллах хүчний нөөц, чадавх бусад онцлогоос хамааран дэмжих, орон нутгийн түүхий эдийн нөөц, эрэлт, хэрэгцээг харгалзан кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг тогтоох зорилгоор МУИС-ийн Бизнесийн сургууль, Эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ.
Ажлын хэсгээс үндэсний болон орон нутгийн кластеруудын өрсөлдөх чадварын судалгаа, кластерын ангилал тодорхойлох аргачлал тодорхойлох шинжилгээг хийж, судалгаанд үндэслэн кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэл, кластерын ангилал тооцох журмын төслийг боловсруулсан гэж мэдээллээ.
Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих зорилгоор 2021 онд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 1.8 их наяд төгрөгийн зээлийг 18.000 иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид олгожээ. Тухайн зээлээр 125 мянган ажлын байр хадгалан үлдсэн байна. Өнгөрсөн онд нийт зээлийн 62 хувь нь нийслэлд, 37 хувийг аймаг, орон нутагт олгожээ. Ажлын байр дэмжих зээлд төсөвлөсөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт дуусч, зээлийн эрэлт их байгаа учраас гурван хувийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж үргэлжлүүлэн олгох, зээлийн зориулалт, зээлдэгчид тавигдах шаардлагыг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна хэмээн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан мэдээлэлдээ дурдсан юм.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, сумдад сум хөгжүүлэх сан гэж байсан. Энэ сангаас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгон амжилттай ажиллаж байсан. Гэтэл Хоршооны тухай хууль батлагдан Хоршоо хөгжүүлэх сан болгож, гурван жил үйл ажиллагаа явуулсан хоршоонд зээл олгоно гэх мэт шаардлага тавьснаас зээл гарахаа байсан, бас бизнес эрхэлдэг иргэдэд зээл олдохоо больсон. Орон нутгийн иргэд энэ талаар байнга асуудал тавьж байна. Үүнийг хэзээ Сум хөгжүүлэх сан болгох вэ. Сумдад олон хоршоо байхгүй, ганц нэг л байдаг. Сум, орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжье гэвэл Сум хөгжүүлэх сан болгох шаардлагатай байна гэлээ.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, 2021 онд Хоршооны тухай хууль батлагдан гарсан. Үүнээс өмнө 2019 онд 330 суманд үйл ажиллагаа явуулж буй Сум хөгжүүлэх санд улсын үзлэг зохион байгуулсан. Энэ үзлэгээр сангаас олгож буй зээлийн эргэн төлөлт муу байна гэсэн дүгнэлт гарсан учир Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах чиглэлээр Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан ажлын хэсэг ажилласан.
Суманд нэг төрлийн үйл ажиллагаа явуулдаг, тухайлбал талхны цех ажиллуулдаг нэг иргэн зээл аван ашигтай ажиллаж байтал өөр нэг иргэн зээл авч талхны цех ажиллуулаад хоёулаа дампуурдаг байдал түгээмэл байсан. Үүнийг шийдэхийн тулд хамтарсан ажлын хэсэг Хоршооны тухай хуулийн хүрээнд Хороо хөгжүүлэх сангийн журмыг боловсруулсан. Уг журмаар Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгоод зээл олгож эхлээд явж байгаа. Журманд Т.Энхтүвшин гишүүний хэлсэнчлэн хэт өндөрдсөн шаардлага бий. Тухайлбал, иргэнд зээл олгохгүй байна гэсэн гомдол ирж байгаа. Ер нь хоршоо өөрөө гүйцэд төлөвшиж амжаагүй байгаа учраас хоршоо болоод жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгох нь зөв ч одоогоор шилжилтийн үе учраас иргэнийг оруулах нь зөв гэж үзээд журамд өөрчлөлт оруулаад байна. Гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх гэсэн шаардлагыг хасч байгаа. Өнөөдрийн байдлаар 4468 хоршоо байгаа ч чадавхжиж чадаагүй байгаа учир Хоршоо хөгжүүлэх бодлогыг боловсруулан ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооноос боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолд Жижиг, дунд үйлдвэрийн корпораци байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх, 10 их наядын хөтөлбөрийн санхүүжилтийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийн салбарын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрийн техник, технологийг шинэчлэх зорилгоор импортолж байгаа үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, дотоодод үйлдвэрлэж байгаа тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар санал боловсруулах зэрэг асуудлыг тусгажээ.
Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын биелэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тавьсан асуултын хариуг сонсов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр, “Төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 200.0 тэрбум төгрөгийн 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.
Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор арилжааны зургаан банктай гэрээ байгуулан хамтран ажилласнаар ноолуурын салбарт 38 аж ахуйн нэгжид 94.8 тэрбум, ноосны салбарт дөрвөн аж ахуйн нэгжид 3.2 тэрбум төгрөгийн зээл олгогдож, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 7.65 хувиар тооцон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 2021 онд 3.2 тэрбум, 2022 оны эхний 3 сарын байдлаар 1.6 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлээд байна.
Үндэсний үйлдвэрлэгчид 2021 онд нийт 2660 тн ноолуур бэлтгэснээс хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 38 аж ахуйн нэгж өөрийн хөрөнгө болон 94.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр 1064 тн ноолуур бэлтгэсэн.
Статистикийн мэдээгээр ноос, ноолуурын салбарын нийт экспорт 2021 онд 368.5 сая ам.доллар болж, 2020 онтой харьцуулахад 33 хувиар өссөний дотор самнасан ноолуур болон бэлэн бүтээгдэхүүний экспорт тус тус нэмэгдсэн байна. Зээлд хамрагдсан 42 аж ахуйн нэгж нь 3271 ажлын байрыг хадгалж, 41 ажлын байрыг шинээр бий болгосон зэрэг нь зээлийн үр дүнг эерэг байгааг харуулж байна хэмээн мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газраас 2022 онд ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөг, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, улсын төсвөөс 10.65 хувийн хүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам болон Монгол банкны хооронд 3 талт “Хөдөө аж ахуйн зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээ”, арилжааны 8 банктай “Зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээ”-г тус тус байгуулан аж ахуйн нэгжүүдэд зээл олгох ажлыг эхлүүлээд байна гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, түүнийг даган гарсан “Техникийн зохицуулалт боловсруулах заавар”, бусад дүрэм, журамд нийцүүлэн боловсруулж, тус хуульд заасан үүргийн дагуу Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэж, гишүүн орнуудаас ямар нэгэн санал, шүүмж ирүүлээгүй гэж мэдээлсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс ноос, ноолуурын салбарыг үе шаттай хөгжүүлэх зорилгоор 2023 оноос ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлан мөрдүүлэх, угаасан ноолуурын экспортыг зогсоох, ноолуурыг бүрэн самнаж боловсруулах, дараагийн шатанд ээрэх, нэхэх үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа аж.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг асуудалтай холбогдуулан боловсруулсан Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тогтоолын төсөлд ноолуур боловсруулалтын түвшнийг үе шаттай нэмэгдүүлж, 2023 оноос эхлэн хялгас ялгаснаас дээших түвшинд боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг экспортлох, эдгээртэй холбогдох үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх, хялгас ялгах болон түүнээс дээш түвшинд боловсруулалт хийх зориулалттай тоног төхөөрөмжийг импортын нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбогдох хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлын намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Мөн хялгас ялгасан ноос, ноолуур, хөөвөр, ээрмэл утас болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг жил бүр бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж боловсруулах үйлдвэрт тушаасан сарлагийн хөөвөр, торомны ноосны чанараас хамааруулан мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, Улсын Их Хуралд холбогдох шийдвэрийн төслийг өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх асуудлыг тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.