Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Манай яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хамгийн эхнийх нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл. Төр заавал хувьцаа эзэмшилгүйгээр зарим төрийн компани дотор өөрийн төлөөллийн эрхээ шилжүүлэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Цаашид төрийн өмчит компанийг ашгийн болон ашгийн төлөө бус хэмээн ангилна. Энэ удаад зөвхөн ашгийн төлөө төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн хууль эрх зүйг зохицуулахаар тусгасан.
Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Саяхан залуучуудын жагсаалаар авлига албан тушаалд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагуудыг тавьсан. Энэ дагуу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт байгаа зүйл ангийн нэг хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах. Тухайлбал хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулан шийдэх зүйл ангийг хассан. авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүний нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар тусгажээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн тухайд 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял оногдуулахгүйгээр хорих ял оногдуулахаар хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн.