Нэг насны ажил амьдралаа төрсөн нутагтаа зориулж яваа ахмад сэтгүүлч П.Санаадагвыг төр, түмэн нь үнэлж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан. Монголын сэтгүүл зүйн түүхэнд алс буйддаа үзэг цаас нийлүүлж, хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлсээр гавьяат хэмээх алдарт хүрсэн нь нэн цөөхөн учраас бичиг, соёлын эрхмүүд тун ч бахдалтай байдаг юм билээ.
Хөдөө орон нутгийн аж амьдрал, хүн ардын түүхийг хэвлэлийн шаргал хуудаснаа мөнхөлсөн түүний сэтгүүл зүйн салбарт хувирч, халиралгүй зүтгэсэн он жилийг тоолбол лав 44 хавар, 44 намрыг тоолох хэрэг гарна.
Танд юун түрүүнд Монгол Улсын Соёлын гавьяат болсонд баяр хүргэе. Төрсөн нутгаасаа бүтээл, туурвилаа хийж, амжилттай ажиллаж, амьдарч яваа сэтгүүлчийн нэг та. Хэвлэлийн салбартай хэрхэн амьдралаа холбосон юм бэ?
Би Хонгор нутгаасаа холдох учиргүй хувь заяатай хүн юм болов уу даа. Төрж өссөн нутагтаа өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдарч байна. Би 1955 онд Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгтийн гуравдугаар багийн нутаг Баргилтийн битүүд төрсөн. 1963 онд сургуульд орох ёстой байсан ч өвчний улмаас хоёр жил өнжсөн хэрэг. Харин аав, ээж маань намайг заавал сурах ёстой гэж үзсэн учраас үргэлжлүүлэн суралцаж ерөнхий боловсрол сумандаа эзэмшээд улмаар 1973 онд Архангай аймгийн Багш нарыг бэлтгэх сургуульд элсэн суралцсан байдаг. Харин энэ үед цэрэгт татагдаад Хилийн ба дотоодын цэргийн Одон тэмдэгт тусгай хороонд түрүүч цолтой алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Багшийн сургуульдаа явах гэтэл багад сур гээд байдаг байсан аав, ээж хоёр явуулахгүй гээд зөвшөөрөөгүй учраас тухайн үеийн “Лениний зам” сонинд хэвлэгчээр анх ажиллаж эхэлсэн. Ингээд багш болох зам сэтгүүлч болох зам руу хазайж, төрсөн нутагтаа тогтож амьдрах болсон хэрэг. Эндээс эхлээд миний амьдралын намтар тэр чигтээ хэвлэл, эвлэл хоёртой холбогдоод өнөөдрийг хүрчээ.
1978-1988 он хүртэл “Лениний зам” сонинд хянагч, орон тооны бус ХЗЭ-ийн үүрийн даргаар, 1988 оноос сурвалжлагч, утга зохиолын ажилтан, хэвлэх үйлдвэрийн дарга болтлоо дэвшиж ажиллав. Тухайн үеийн улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж, томоохон үйлдвэрүүд цаашид ажиллах эсэх эргэлзээтэй болсон тул ерөөсөө сэтгүүлчээр суръя гэж шийдээд “Лениний зам” сонины Хэвлэх үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа буюу 1980-иад оны сүүл 1990-ээд оны эхээр Улс төр, эдийн засгийн оройн сургуулийн сэтгүүлч, соёлын ангийг дүүргэж улс төр судлаач, сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн юм. Үргэлжлүүлээд 2007 онд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлчийн дээд курсийг төгссөн. Аав, ээжийнхээ үгэнд орж нутагтаа үлдсэнээр, ажил мэргэжлийнхээ амтанд орж сэтгүүлчээр ажилласан минь ч зөв байжээ гэж одоо боддог юм.
Хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байсан хүний хувьд сонингийн цаасны үнэр, машины нөсөр чимээ одоо ч гэсэн дотно санагддаг байх даа?
-Ямар гоё асуулт вэ. Хэвлэх үйлдвэрт ажилладаг хүн бүр энэ үнэрийг дэндүү сайн мэднэ. Красик буюу сонин хэвлэдэг будагны үнэр юм. Түүнээс биш сонины цаасны үнэр биш л дээ. Ах нь сониноо хэвлэлтээс аваад явах тоолондоо энэ үнэрээр дамжуулж залуу нас, сайхан хамт олон, олон дурсамжаа эргэж санах завшаан гардаг. Тухайлбал, манай үйлдвэрүүдээс олон баатар төрж байлаа. Тэдний нэг нь баатар болоогүй ч баатар мэтээр дуудагддаг “Халзан” хэмээх Лувсанбатын Дармаа гуай юм. “Лениний зам”-ын Л.Дармаа ч гэж нэрлэгддэг байлаа. 1948 оны тавдугаар сарын 1-нд Баянхонгор аймгийн “Лениний зам” нэртэйгээр хонгор нутгийн сонины анхны дугаарыг энэ хүн хэвлэн гаргасан байдаг. Тэр цагаас хойш үнэрээр дурсамж, үгээр мэдээлэл дамжуулсан сонин хэвлэл хонгор нутагт маань түгсэн хэрэг.
Зах зээл эхэлсэн шилжилтийн үед нам төвтэй хэвлэлээс чөлөөт хэвлэл рүү шилжих үйл явц өөрөө шинэ зүйл байсан шүү дээ. Та тухайн үед орон нутгийнхаа анхны чөлөөт хэвлэлийг байгуулалцаж явсан хүний нэг юм билээ?
Шууд орон нутагт сонин хэвлэл гаргачихъя гэж санаж, сэдээгүй л дээ. Улс оронд болж буй өөрчлөлт, шинэчлэлтүүд бүхий л салбарт маш том өөрчлөлтийг авчирч байлаа. Тэр дундаа манай хэвлэлийн салбарт чөлөөт хэвлэл гэх ойлголт дэлгэрч, шар сонин, сэтгүүл олноор хэвлэгдэх болсон бол телевизийн салбарт ч хувийн, чөлөөт гэх ойлголтууд бий болж байлаа. “Үнэн” сонины орон нутагт дахь сурвалжлагчаар ажиллаж байгаад чөлөөт хэвлэлүүд бий болоход тухайн үеийн “Зиндаа”, “Хийморь”, “Дээдсийн хүрээлэн”, “Сэрүүлэг” зэрэг сонинуудад орон нутаг хариуцсан сурвалжлагчаар ажиллаж чамгүй улам туршлагжсан. Ингээд аймгийнхаа ард иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж ажиллах нь зүйтэй гэдгийг тухайн үеийн мундаг эрхлэгч нар болон миний үеийн залуус ярилцсан хэрэг. Гэхдээ бид шар хэвлэл бус өдөр тутмын сонины стандартад дөхөж очихуйц, сэтгүүл зүйн бүтээлийг бичиж, нийтэлдэг хэвлэл байгуулах ёстой гэж ярилцаад 2000 оноос “Баянхонгорын мэдээ” сониныг үүсгэн байгуулсан юм. Миний хувьд энэ сонинд сурвалжлагчаар ажиллаж байлаа. Ингээд 2005 оноос үүсгэн байгуулалцаж байсан “Баянхонгорын мэдээ” сониныхоо эрхлэгч болж, “Үнэн”, “Хөдөөгийн бизнес мэдээ” сонин сэтгүүлийн Баянхонгор дахь сурвалжлагчийг давхар хийнэ. Ингэж явсаар “Баянхонгорын мэдээ” сонин маань “Өнөөгийн Баянхонгор” болсон түүхтэй, одоо бид сард хоёр дугаараар сониноо эрхлэн гаргаж байна. Манай сонин аймгийнхаа 20 сум, болон бусад аймгуудад тогтмол захиалагддаг орон нутгийн бие даасан тогтмол хэвлэл болон төлөвшжээ. Манай буурал эрхлэгч, залуу дүү нар надад хэлдэг юм. “Лениний зам”-аас “Өнөөгийн Баянхонгор” хүртэлх урт замын чиг зүгийг алдуулалгүй, тогтмол хэвлэлийн гал голомтыг орон нутагтаа авч яваагаар чинь бахархдаг гэж. Энэ үг бол сонин хэвлэлээ улам сайн авч яваарай гэж надад өгч буй урам, нөгөө талаар ахмад үеийнхээ үлдээсэн зам мөрийг тодруулж, дараа үедээ хүлээлгэж өгөх үүрэг гэдгийг сануулж буй хэрэг.
Хоёр нийгмийн түүхийг мөнхлөн бичилцэж яваа хүний хувьд хуучин цагийн хүндтэй хүмүүсийн хайр, хатуужлыг харамгүй л амссан байгаа даа?
Одоо ах нь 60 нилээд гарчихсан явна. Миний мэргэжил тэтгэвэрт гардаггүй, бас мөнхийн гавьяатайн зэрэгцээ манай салбарынхан зогсох эрхгүй хүмүүс. Тэгэхээр нүд үзэж, гар хөдөлж л байвал сэтгүүл зүйдээ зүтгээд сониноо гаргаад байна даа гэж боддог. Энэ бол таны асуусанчлан надад сургаж, намайг чиглүүлж байсан бурхан шиг хэдэн буурал эрхлэгч нараас үлдсэн зарчим юм.
Би их азтай хүн. Баянхонгор аймагтаа байтугай Монголдоо толгой цохих Шарын Рэнцэн, Арсэдийн Хоогой, Банзрагчийн Лхамсүрэн, Мянганы Жадамбаа зэрэг хэдэн сайхан эрхлэгчийн гар дамжиж, сурсан эрдэм, хураасан туршлагаас нь өвөртөлсөн. Тэдний нөмөр нөөлөг, арга туршлага гэдэг бол тэр чигээрээ шижир алт байж дээ. Сайн хүмүүсийн нэрийг сэвтээхгүй, салбарынхаа хөгжлийг хоцроочихгүй, зогсоочихгүй юмсан гэж хичээсээр өдийг хүрлээ. Одоо буурал эрхлэгчдийнхээ насан дээр өөрөө ирчхээд шинэ залуу үеийг бэлтгэж, орон нутгийн хэвлэлийн хөгжлийг дараагийн үеийнхэндээ хүлээлгэж өгөх үүрэг бас ирдэг л юм байна.
Та мөр зэрэгцэн ажиллаж яваа залуустаа юу гэж захиж, зөвлөдөг вэ?
Сэтгүүл зүйн талаасаа бол би “Сайн сэтгүүлч болохыг хүсвэл бичдэг редакциас буюу сониноос ажлын гараагаа эхэл” гэдгийг залуучуудад байнга зөвлөдөг. Бичиж сурна гэдэг сууж сурна, аливаа асуудлыг олон талаас ул суурьтай нэгтгэн дүгнэж, чанартай бүтээл төрүүлнэ гэсэн үг. Хувь хүндээ ч тухайн сэтгүүлчдээ, цаашлаад мэдээллийг хүртэж буй уншигчдад ч маш өгөөжтэй. Нөгөө талаар бичээд сурчихсан сэтгүүлч хожим телевиз, радио, цахим орчин гээд хаана ч гологдохгүй. Өнөөдөр намайг багшаа гэж хүндэлдэг 20 гаруй залуус төв, хөдөөгийн хэвлэл мэдээллийн байгууллагад хүндтэй, хариуцлагатай албанд ажиллаж, үзэгч, уншигчдын хайртай сэтгүүлч болчихсон салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулаад явж байгааг харахад миний зарчим буруудаагүй юм байна гэж бодож явдаг.
Хувь хүн талаасаа бол хүнлэг, энэрэнгүй, шударга зарчимч байхыг үр хүүхдэдээ ч, залуустаа ч захидаг. Энэ аливаа хүний амьдралд чухлын зэрэгцээ ажил, мэргэжил дээр ч амин хэрэгцээтэй. Сониноор ялаа, дарга хоёрыг намнадаг гэдэг шиг сэтгүүлч үгээрээ хүнийг амилуулж аль эсвэл хүндрүүлж ч мэднэ. Тийм учраас хувь хүнийхээ хувьд дээрх зан чанар, зарчмуудыг өөртөө заавал суулгах ёстой. Тэгэхгүйгээр бусдын үгээр, эсвэл хувийн үзэмжээр мэдээлэлтэй харьцах юм бол энэ сэтгүүл зүй биш, үүнийг хийсэн хүн гэмтэн болдог.
Орон нутагт хэвлэл мэдээллийн салбарыг авч явна гэдэг амаргүй ажил шиг харагддаг. Гэхдээ тань шиг мэргэжилдээ хайртай, ажилдаа тууштай хүмүүс яаж ийгээд аваад явж байгааг харах бахархалтай санагддаг шүү?
Баярлалаа орчин цагийн мэдээлэл хүлээж авах, дамжуулах үйл явц эрчимтэй өөрчлөгдөж, цахим хэлбэр рүү шилжиж байгаа энэ үед мэдээ, мэдээллийг мэргэжлийн төвшинд боловсруулж, түгээх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна гэж би хардаг. Цахимаар хүмүүс хурдтай мэдээллийг авч чадаад байгаа ч хэрэгцээтэйгээ олж авах, үнэн бодитой эсэхийг нягтлах боломж хомстож байна. Тийм учраас мэргэжлийн редакц, мэргэжлийн сэтгүүлчдийн үйл ажиллагаа нийгэмд ус агаар мэт үгүйлэгдэх болсон байна.
Энэ хэрэгцээг хангахын төлөө ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага, редакцуудын хувьд санхүүгийн хувьд хязгаарлагдмал, хүн хүчний нөөц багатай гээд манай хөдөөд бэрхшээл байсаар байна. Тиймээс хэвлэлийн салбарыг дэмжих, менежментийг сайжруулах ажлыг олон талын оролцоотойгоор хийх л ёстой. Гэхдээ хэцүү гээд хойш суулгүй хөдөөгийн хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд маань тушаал авсан цэрэг шиг л цаг наргүй зүтгэж байна. Өөрсдийн үүргээ ч сайн биелүүлж явна. Ер нь энэ асуулттай холбож нэг зүйлийг тодруулахад сэтгүүл зүйн өөрийнх нь үүрэг бол мэдээллийг дамжуулахаас гадна нийгмээ соён гэгээрүүлэх явдал. Тэр утгаараа хэвлэлийн салбарт хэдэн бор цаасгүй ч хэзээ ч нугарахгүй, шантрахгүй зүтгэлтэй хүмүүс гомдоллохгүйгээр ажиллаад ирсэн юм шүү. Манай салбарынхан мэргэжилдээ хайртай, сонирхолтой. Тэр хэмжээгээрээ өнгөтэй, өөдтэй бүтээл төрүүлдэг. Өөрсдийгөө хаях ч энүүхэнд байдаг. Тэрийг нь харахаар хайр хүрмээр. Тэгэх тусам нь зүтгээд баймаар санагддаг юм.
Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
Б.Чинбат