Украины дайнаас үүдсэн сөргөлдөөн хурцадсан тул өнөөдрөөс эхлэн Польш, Болгарт хий нийлүүлэхээ зогсооно гэж Орос улсаас мэдэгдэв. Ерөнхийлөгч Владимир Путин шатахууны төлбөрийг заавал рублиэр төлөх шийдвэр гаргаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн бол одоо өөр арга хэмжээ авч эхэллээ.
Европын холбооноос Москвагийн алхмыг зарчмын хувьд няцаасан. Гэвч төлбөрийн эцсийн хугацаа дуусч эхэлж байгаа тул Европын засгийн газрууд Путины нөхцөлийг хүлээн зөвшөөрөх үү, эсвэл чухал хангамжаа алдах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болж байна. Мөн эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлах нөхцөлтэй тулгарч байна. Украины нөхцөл байдал эхэлснээс хойш Европт хийн үнэ 17 хувь өссөн.
Барууны болон ЕХ-ны ямарваа худалдан авагчдыг Газпромбанкинд рублийн болон гадаад валютын хоёр данстай байхыг Москва шаардаж буй. Ингэснээр гадаад валютаар худалдан авалт хийсэн тохиолдолд Газпром шилжүүлэг хийнэ. Гэвч энэхүү Москвагийн шаардлагыг хүлээн аваагүй улсууд дахиж ОХУ-ын байгалийн хийг ашиглах боломжгүй болжээ.
Польш улс эрчим хүчний импортоо зогсооход бүрэн бэлэн бөгөөд дайн эхлэхээс өмнө ч Оросын хийгүйгээр амьдрах төлөвлөгөөгөө боловсруулаад байсан гэж мэдэгдэв. Тус улсын ОХУ-тай байгуулсан байгалийн хийн урт хугацааны гэрээ энэ оны сүүлээр дуусна. Мөн засгийн газар нь гэрээгээ сунгах бодолгүй байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан. Ингэснээр тус улс шингэрүүлсэн байгалийн хийн хангамжийг бүрдүүлж, аравдугаар сард Норвегиос дамжуулах хоолойг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Польшийн засгийн газар Мягмар гаригт агуулахад хангалттай түлш байгаа гэж мэдэгдэв. Үйлчлүүлэгчдэд нөлөөлөхгүй бөгөөд засгийн газар хадгалах санг 90 хувь хүртэл дүүргэхээр төлөвлөж байна.
Харин Болгар улс хараат байдлаа багасгах арга хэмжээ авсан ч одоог хүртэл байгалийн хийд ихээхэн хамааралтай хэвээр байна.
Эх сурвалж: Bloomberg